Ангилал
Бусад
Огноо
Унших
7 минут 29 секунд

Ходоодны үрэвслийн үед зөв хооллолт нэн чухал

Ходоодны үрэвслийн үед зөв хооллолт нэн чухал

Ходоодны үрэвсэл нь ихэвчлэн хавар намрын улиралд ажиглагддаг. Ходоод төөнөж байгаа мэт өвдөн, заримдаа дотор муухайрдаг. Гастрит нь ходоодны ханын салст бүрхүүлийн үрэвсэл юм. Үрэвсэл нь арван хоёр хуруу гэдэс рүү дамжсаныг гастродуоденит гэнэ. Эдгээр үрэвслийг хоёр ангилдаг, үүнд: ходоодны хүчиллэг ихэссэн ба багассан гэж.

Ерөнхий: Гастрит нь ходоодны ханын салст бүрхүүлийн үрэвсэл юм. Үрэвсэл нь арван хоёр хуруу гэдэс рүү дамжсаныг гастродуоденит гэнэ. Эдгээр үрэвслийг хоёр ангилдаг, үүнд: ходоодны хүчиллэг ихэссэн ба багассан гэж. Мөн анх удаа, хүчтэй өвдөлт өгдөг хурц явагдах ба тогтмол байнга өвддөг архаг гэсэн хэлбэрээр явагддаг. Хэрвээ хурц үрэвсэлийг эмчлэхгүй бол удалгүй архаг хэлбэрт шилжнэ. Ходоод, 12 нугалам гэдэсний үрэвсэл нь хоол боловсруулах замын хамгийн тархмал өвчин бөгөөд статистик мэдээгээр дэлхий дээрх насанд хүрсэн хүмүүсийн талаас илүү нь энэ өвчнөөр өвчилсөн байна.

Шалтгаан: Шалтгаан нь их олон янз байдаг, эдгээрт:

  • Буруу хооллолт. Хурц, халуун бүхэл хоол идэх, архи хэтрүүлэн хэрэглэх, тогтмол бус хооллох, явдал дунд хуурай хооллох
  • Сэтгэл санааны хямрал, ядаргаа
  • Helicobacter pilori буюу хеликобактери нян
  • Зарим эмийг удаан хугацаагаар хэрэглэх (аспирин, антибиотик г.м)
  • Тамхи татах
  • Гэдэсний халдварт өвчин
  • Амны хөндий, залгиурын архаг халдвар (Шүд хорхойтох, гүйлсэн булчирхайн үрэвсэл г.м)
  • Цөсний хүүдийн болон элэг, нойр булчирхай -н өвчнүүд

Явц: Гастритын үед ходоод -ны салст бүрхүүл гэмтэж, улмаар ходоодны шүүсний бүрдүүлэгч бодисууд болон хамгаалагч салс ялгаруулдаг булчирхай үрэвсдэг байна. Үүнийг дагалдан эсийг нөхөн сэргээх үйл явц муудна. Үр дүнд нь ходоодны үйл ажиллагаа алдагдаж, хоол боловсруулж чадахаа больдог. Салст бүрхүүл нь үрэвссэн үед ходоодны шимэх чадвар нь ихэсдэг нь өөрийг нь болон бүх махбодийг хордлогонд оруулдаг. Хордлогонд орсноор ерөнхий биеийн байдал сулрах, ажлын чадвар муудах, ялангуяа биеийн хүчний ажил хийх үед амархан ядрах зэрэг шинж илэрнэ.

Шинж тэмдэг

Анхны өвдөлт ихэнхдээ гэнэт эхэлдэг (ихэвчлэн өлөн үед). Гэв гэнэт хэвлийн дээд хэсэгт огцом базлах маягаар өвдөж, огиж бөөлжүүлнэ. Мөн түүнчлэн гастритын үед ходоод хорсох эсвэл гашуун оргин хэхрүүлэх, гэдэс дүүрэх, гүйлгэх, эсвэл өтгөн хатах зэрэг шинжүүд илэрнэ. Архаг гастрит нь хүнд мэдрэгдэх ямар нэг шинж тэмдэггүй байдгаас хүн юу ч анзааралгүй явах нь олонтаа.

Үр дагавар: Гастрит болон гастродуоденит нь хүндэрсэн тохиолдолд ходоод, 12 хуруу гэдэснээс цус алдах аюултай.

Оношлогоо: Гастроэнтеролог буюу ходоод гэдэсний эмч (дотрын эмч) онош тавина. Үзлэг хийж хэд хэдэн шинжилгээ хийнэ. Үүнд: улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдсийг дурандах, ходоодонд рентген шинжилгээ хийх зэрэг. Одоо үед эмч нар энэ өвчнийг илрүүлэхэд хэт авианы шинжилгээг ашиглаж байгаа. Хэрвээ архаг үрэвсэлтэй бол ходоодны шүүсний шинжилгээ, ходоодны салстын эдийн шинжилгээг мөн хийнэ. Ходоодны үрэвсэлийг шархлаа өвчинтэй андуурахгүй байх нь маш чухал. Яагаад гэвэл шинж тэмдэг нь хоорондоо их төстэй байдаг.

Эмчилгээ: Ходоод болон, 12 хуруу гэдэсний үрэвсэлд дараах эмчилгээ хийгддэг:

Хоолны дэглэм: өвчний эхний 1-2 хоногт ерөөсөө юм идэхгүй байж зөвхөн шингэн юм уухыг л зөвшөөрдөг. Үүний дараа харин хязгаартай хооллож болно (бүлээн, тослоггүй, нухаж үрсэн хоол). Янз бүрийн эм тэдгээрийг дотор хорыг шимэх, ходоодны салстыг бүрхэх, өвчин намдаах, хоол боловсруулалтыг сайжруулах, хүчил багасгах зэргийг ууна.

Зарим үед халдварын эсрэг антибиотик бичиж өгдөг. Эмчилгээ голдуу гэрийн нөхцөлд 2-3 долоо хоногт хийгддэг. Архаг үрэвсэл бол удаан хугацаанд эмчлэгдэнэ (2 жил орчим). Хурц ба архаг үрэвсэлийн алинд ч эмийн эмчилгээний хажуугаар байнга хоолны дэглэм сахих нь зүйтэй (хурц, халуун, бүхэл хоол, кофе, хийжүүлсэн ундааны хэрэглээг хязгаарлаж архи, тамхи хэрэглэхгүй байх). Илүү тохиромжтой дэглэмийг сонгоход ходоод гэдэсний эмч, эсвэл хоолны судлаач эмч тусална. Эмчилгээний үр дүнг дахин дурандалт хийж шалгана. Архаг үрэвсэлтэй өвчтөн эмчийн хяналтанд байж, жилдээ 2-оос доошгүй удаа эмчид үзүүлнэ.

Хеликобактери пилоригоор үүсгэгдсэн ходоодны архаг үрэвслийн эмчилгээ
• Зөв хооллолт
• Хеликобактерийн эсрэг эмчилгээ
• Эрүүл ахуйн дэглэм
Зөв хооллолт:
Ходоод, гэдэсний үрэвсэл, шархыг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд хоол ундны дэглэмийг нарийн сахих нь нэн чухал юм.
-Тогтмол цагт хооллох, хэт их идэхгүй байх, ойр ойрхон бага багаар хооллох, унтахаас 4-5 цагийн өмнө хооллосон байх
– Хоол ундыг чанаж ууранд болгох болон, жигнэсэн байдлаар бэлдэж хэрэглэх
– Хэт халуун, эсвэл хэт хүйтэн, хуурай аргуун хатуу
хоол, шарсан хуурсан хоол, лаазалсан, даршилсан, халуун ногоо, амтлагчтай хоол хэрэглэх нь ходоодыг ихээр цочроодгийг санах хэрэгтэй.

Эмчийн заалтаар хеликобактери пилориг устгах үндсэн эмчилгээ болох ходоодны үрэвслийн эсрэг болон антибиотик хавсарсан гурвал, дөрвөл эмчилгээг хийнэ,

Мөн амьдралын зөв хэвшил, архи, тамхи хэрэглэхгүй байх, стресст өртөхгүй байх, амны хөндийн ариун цэвэр, шүдний сойзны зөв хэрэглээ гарын эрүүл ахуй, хувийн ариун цэврийн дэглэм сахих, цэвэр усыг унданд хэрэглэх, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, хүнсний зөв хадгалалт зэрэг нь халдварт өртөхгүй байхад чухал юм.

Эмчилгээ хийсний дараа хеликобактери пилори устах боловч дахин халдвар авах боломжтой тул эрүүл ахуйн дэглэм нарийн баримтлах хэрэгтэй. Мөн уг нян нь эмэнд тэсвэртэй байдал амархан үүсдэг учир эмчийн заагдсан эмчилгээг бүрэн төгс, заагдсан хугацаагаар яг хийж дуусгана.

Нэг гэр бүлийнхэн дунд халдварлах эрсдэл их байдаг тул гэр бүлийн гишүүд бүгд хеликобактери пилорийг илрүүлэх шинжилгээ хийлгэн, эерэг гарсан тохиолдолд, гишүүн бүр эмчилгээ хийлгэснээр үр дүнтэй болно.

Хорь гаруй насныхан буюу GenZ үеийнхний  ажлын байран дээрх хямралын онцлог
Хорь гаруй насныхан буюу GenZ үеийнхний ажлын байран дээрх хямралын онцлог
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!