УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн үг хэллээ.
Тэрбээр "Монголчууд өнөөдөр зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Зээлийн хүү маш өндөр буюу 18-24 хувийн хүүтэй байна. УИХ өнгөрсөн жил Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталсан. Өөрийн эх үүсвэртэй гадны банкыг Монголд оруулж ирэх зорилгоор энэ хуулийг баталсан. Ингэснээрээ банкууд зээлийн хүүг бууруулна гэж үзсэн. Энэ хууль хэрэгжиж эхлээд жилийн хугацаа өнгөрлөө. Монголд гадны нэг ч банк орж ирсэнгүй. Монголбанк энэ тал дээр тааруу ажиллаж байна.
Монголбанк хэн ороод ирэх бол гэж хүлээж суух биш гадны банкуудтай хамтарч ажиллан урих, томоохон банкууд орж ирэх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Хууль эрхзүйн орчноо сурталчлах хэрэгтэй. Энэ асуудалд Монголбанкны идэвхтэй үйл ажиллагаа дутагдаж байгааг цохон тэмдэглэж байна" гэв.