УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: -Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэлийн төслөөр АН-ын бүлэг гурван хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан. Бид байр сууриа нэгтгэсэн. Ер нь Монгол улс хөгжье гэвэл гадаад, дотоод хөрөнгө оруулалт маш чухал. Цаг хугацааны хувьд их хоцорч орж ирж байгаа хууль. Нэг өдрийн өмнө ч болсон хэлэлцэх ёстой байсан хууль. Харин энэ удаагийн хуулийн төсөлд хуудуутай асуудлууд байна. Хөрөнгө оруулалтын босго 100 мянган ам.доллар байж болохгүй. Мөн Хөрөнгө оруулалтын маш чухал асуудал нь өөрөө хоёр хүний хоорондын хэрүүл болж байгаад харамсаж байна. Тиймээс АН-ын бүлгийнхэн Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг эгүүлэн татаж, дахин боловсруулж өргөн барих шаардлагыг Засгийн газарт тавьж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар: -О.Цогтгэрэл гишүүний хэлж байгаа зөв. Хөрөнгө оруулалтын асуудал хоёр хүний хэрүүл болж таарахгүй. Женко гэдэг Х.Баттулга ч, Ч.Хүрэлбаатар сайд ч нийгмийг талцуулахаа больсон нь дээр. Хэдэн троллоороо шантаажилж хууль батлуулах, эсвэл хэлэлцүүлэг зогсооно гэж байхгүй. Нэг талаас Цэцэд өгч хэлэлцүүллээ гэдэг. Нөгөө талаас 6 сар барилаа гэдэг. Бид эрүүл саруулаар асуудалд хандаж, улс орны эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, асуудалд хандана гэдгийг хатуу анхааруулъя. Цэцэд өгөөд байгаа нөхдүүд 2013 онд газрыг 100 жилээр эзэмшүүлж, ашиглуулна гэж хууль баталсан байна билээ. Тэгээд юун хууль зөрчлөө гээд байгаа юм. Ард түмнийг төөрөгдүүлдгээ ордоо боливол таарна.