УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна . Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дүгнэлттэй холбоотойгоор байр сууриа илэрхийлээ.
Тэрбээр "ҮХЦ дуртай үедээ эрх баригчдын, улс төрчдийн гар хөл болж байна. ҮХЦ энэ олон жилийн хугацаанд хүний эрхийн талаар ярьж байсан зүйл үгүй. Үргэлж ардчиллыг боомилж, улс төрчдийн гар хөл болдог. Өөрсдийн толгой дээрх бухлыг харахгүй байж бусдын толгой дээрх хялгасыг харж явдаг. Сонгуулийн тогтолцоонд ч нөлөөлдөг. УИХ-ын гишүүн бол ард түмний сонголт. Гэтэл энэ хүмүүсийг цэц дээр дуудаж, нухчин дарах гэж үздэг. Хуурамч шатахуун, сонгуулийн тогтолцоо гээд бизнесийн захиалга авдаг. Аль нам ялахыг, аль намд ямар эрх өгөхийг шийддэг. Жишээ нь Ардчилсан нам ялсан үед давхар дээл болохгүй, МАН ялах бүрт давхар дээлийг болно гэж шийдвэр гаргадаг. ҮХЦ өөрсдөө Үндсэн хуулиа зөрчдөг. Энэ байгууллагыг татан буулгавал яасан юм бэ. ҮХЦ-ийн зарим эрх мэдлийг дээд шүүхэд өгөх хэрэгтэй. Монголын төрийг ҮХЦ-ийн ард түмнээс сонгогдоогүй есөн хүн базаж байна" гэв.