Токио хотын таксины жолооч зам дээр явж байсан тагтаануудыг санаатай дайрсан хэргээр баривчлагдсаныг тус хотын цагдаагийн газар Мягмар гарагт мэдээлжээ.
50 настай Ацуши Озава өнгөрсөн сард ийм үйлдэл гаргасныхаа төлөө Ням гарагт баривчлагдсан юм байна. Түүнийг “байгаль орчныг хамгаалах хууль зөрчсөн” гэж буруутгажээ. Тухайн үед Озава уулзварын гэрлэн дохио солигдмогц хөдлөхдөө зам дээр явж байсан сүрэг тагтаануудад уур бухимдлаа гаргасан юм байна.
Тэрбээр машины хурдыг 60 км/цаг хүртэл огцом нэмж, тагтаанууд руу дайрсныг ойролцоо явсан иргэд хараад цагдаад мэдээлжээ. Үүний улмаас нэг тагтаа үхсэн юм байна. Малын эмч задлан шинжилгээ хийгээд тагтааг гэнэтийн цочролоос болж үхсэн гэж дүгнэсэн гэнэ.
“Зам бол хүмүүст зориулагдсан, тагтаануудад биш” гэж Озава цагдаад байцаагдах үеэрээ мэдүүлжээ. Түүнийг мэргэжлийн жолооч хүний хувьд “маш хортой” зан ааш гаргасан гэж үзээд баривчлах шийдвэр гаргасныг Токио хотын цагдаагийн газрын төлөөлөгч тайлбарласан юм. Одоогоор таксины жолоочид ямар шийтгэл оноох гэж байгаа талаар мэдээлэл алга байна.
Эх сурвалж: AFP