Гадаадын иргэд Кремлийн эрх баригчдын бодлогод үнэнч байх гэрээнд гарын үсэг зурсны дараа хилээр нэвтэрдэг болох хуулийн төслийг ОХУ-ын дотоод хэргийн яам санаачлан боловсруулжээ. Өөрөөр хэлбэл ОХУ-ын нутаг дэвсгэрт байхдаа тус улсын бодлогыг шүүмжлэхгүй, Зөвлөлтийн армийн түүхийг гутаан доромжлохгүй, гэр бүлийн уламжлалт үнэт зүйлсийн эсрэг үйлдэл гаргахгүй байх амлалтыг бичгээр өгдөг болох гэнэ.
Ийм хуулийн төслийг дотоод хэргийн яам боловсруулсан бөгөөд удахгүй ОХУ-д ирэх гадаадын бүх иргэдэд үйлчилдэг болох тухай ТАСС агентлаг Лхагва гарагт мэдээлжээ. Гадаадын иргэдэд “ОХУ-ын төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, ОХУ-ын гадаад, дотоод төрийн бодлого, төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтнуудын нэр хүндийг гутаан доромжлохыг хориглоно” гэж уг мэдээнд өгүүлсэн байна.
Мөн гадаадын иргэдтэй байгуулах гэрээнд ёс суртахуун, гэр бүл, уламжлалт бус бэлгийн харилцааны суртал нэвтрүүлэг, түүхийн баримтын талаар бүлэг заалтууд багтсан гэнэ. Ялангуяа “Зөвлөлтийн ард түмний эх орноо хамгаалахад үзүүлсэн эр зориг, фашизмыг ялахад оруулсан хувь нэмрийн тухай түүхэн үнэнийг гуйвуулахыг” гадаадын иргэдэд хатуу хориглохоор тусгажээ.
Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлснээсээ хойш Оросын эрх баригчид нийгмийн сөрөг дуу хоолойг хатуу цагдан хорих болсон. Ирэх оны гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулийг угтуулан ийм арга хэмжээнүүдийг улам эрчимжүүлэх төлөвтэй байна. Хуулийн төслийг удахгүй Оросын парламентын доод танхим болох Төрийн Думд танилцуулж, хэд хэдэн удаа хэлэлцүүлсний дараа батлах юм.
Думын тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн хэргийг хариуцсан байнгын хорооны дарга Леонид Калашников хуулийн төслийг боловсруулахад дотоод хэргийн яам, засгийн газар, ерөнхийлөгчийн тамгын газар болон өөрийнх нь байнгын хороо идэвхтэй оролцсоныг баталжээ. “ОХУ-д нэвтрэх гадаадын иргэдтэй байгуулах үнэнч байдлын гэрээ’ гэгчийн талаар хуулийн төсөл өндөр түвшинд бэлтгэгдэж, бэлэн болсон” гэж тэр Интерфакс агентлагт ярьсан байна.
Эх сурвалж: Reuters