Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Амиа алдсан цэргийн ар гэрт эмгэнэл илэрхийлье. Засгийн газрын хуралдаанаар болсон үйл явдалтай холбоотой Батлан хамгаалахын сайдын мэдээллийг сонссон. Улмаар Ерөнхий сайдын даалгавраар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарган Зэвсэгт хүчний анги байгууллагуудад ажиллуулахаар боллоо. Зэвсэгт хүчний бүх салбарт удаа дараа гарч байгаа энэ асуудлыг нийтлэг байдлаар авч үзнэ.
Хүний амь хохирсон нь гэмт хэргийн шинжтэй байна уу гэдэг асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд шалгаж байгаа. Энэ тусдаа хуулиар зохицуулагддаг. Энэ үйл ажиллагаанд Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэгийн сайд хөндлөнгөөс оролцож болохгүй. Монгол Улсад санаатай хүн амины гэмт хэрэг ахуйн нөхцөлд, гэр бүлийн хүрээнд их үйлдэгддэг учраас үүнд заавал ар гэрийн зөвшөөрөл шаарддаггүй онцлогтой. Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байхад урьдчилсан байдлаар ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй. Хэн нэгэн дүгнэж ярих нь хуулиар хориотой” гэлээ.