Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 47 секунд

Илон Маск “ChatGPT”-тэй өрсөлдөх чатбот танилцууллаа

Илон Маск “ChatGPT”-тэй өрсөлдөх чатбот танилцууллаа

Америкийн тэрбумтан Илон Маск “ChatGPT”-тэй өрсөлдөх хиймэл оюун ухаант чатботыг танилцууллаа. Туршилтыг уг загвар нь хэд хэдэн үзүүлэлтээр “ChatGPT 3.5”-ыг хэдийнээ ардаа орхисон гэж тэрбээр мэдэгджээ.

“Dubbed Grok” гэж нэрлэсэн чатбот нь И.Маскийн “xAI” компанийн анхны бүтээгдэхүүн бөгөөд одоогоор Америкт хязгаарлагдмал тооны хэрэглэгчдийн дунд туршиж байгаа ажээ. “Grok”-ийг И.Маскийн X /хуучнаар Twitter/-ийн мэдээллийг ашиглан хөгжүүлж байгаа тул статик мэдээллийн сан бүхий бусад ботуудаас сүүлийн үеийн үйл явдлын талаар илүү сайн мэдээлэлтэй гэж компанийн цахим хуудсанд бичжээ. Түүнчлэн “бага зэрэг шогч, дэггүй” хариу өгөх зориулалттайгаар бүтээгдсэн гэдгийг дурдсан байна.

Энэ оны эхээр И.Маск аюулгүй байдлын протоколуудыг боловсруулах боломжийг бүрдүүлэхийн тулд хиймэл оюун ухааны загваруудыг хөгжүүлэх ажлыг түр зогсоохыг уриалсан нээлттэй захидалд гарын үсэг зурсан хүмүүсийн нэг байв. “Хий дэмий гэдгийг нь мэдэж байсан ч би уг өргөх бичигт гарын үсэг зурсан. Би зүгээр л түр зогсоохыг санал болгосон гэдгээр тэмдэглэгдэн үлдэхийг хүссэн” гэж X, Tesla компанийн гүйцэтгэх захирал ням гарагт олон нийтийн сүлжээнд бичжээ.

Өнгөрсөн долоо хоногт технологийн салбарын манлайлагчид, эрдэмтэн судлаачид Их Британийн эрх баригчдын санаачилгаар зохион байгуулсан Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр технологийн эрсдэлийн талаар хэлэлцсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хиймэл оюун ухаанд хяналт тавих тухай зарлигт саяхан гарын үсэг зурсан юм. Уг зарлиг нь аюулгүй байдал, хувийн нууцыг хамгаалах стандартыг тогтооход чиглэжээ.

“Grok”-ийг хоёр сар судалгаа, хөгжүүлэлт хийсний эцэст бүтээсэн бөгөөд туршилтын үе шатыг давсны дараа “X Premium+”-ийн бүх хэрэглэгч хэрэглэх боломжтой болно гэж “xAI” компанийн мэдэгдэлд дурджээ. И.Маск мөн X-ийг үндсэн үйлчилгээнээс нь гадна Хятадын Tencent компанийн WeChat-тай адил бүх зүйлийг багтаасан цогц аппликейшн болгохоор төлөвлөж байгаа аж. Энэ хөгжүүлэлтийн чухал хэсэг нь “Grok” байх бөгөөд “xAI” нь хэдийгээр тусдаа компани боловч X, Tesla болон бусад бизнесүүдтэй нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Д.Тогтохсүрэн: Тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
Д.Тогтохсүрэн: Тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.