УИХ-ын чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хууль санаачлагч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулга хийлээ.
Хууль санаачлагчид хандан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асуув.
Тэрбээр “Мөрдөн байцаах ажиллагааны нууц задраад байна. Үүнийг зогсооно гэж хэлж байсан. Үүнийгээ дуусгах хэрэгтэй байна. Сэтгүүлчдийг буруутгах ёсгүй. Тэдэнд мэдээлэл өгөөд байгаа хүн бий. Энэ хүнээ л олж тогтоомоор байна. Хэргийн хавтаст материалыг бараг тэр чигт нь 1-2 сэтгүүлч л гаргаад байна шүү дээ. Тэнд нэгжлэг хийлээ гээд шөнө ч л байсан очоод зогсож байх юм. Энэ нь өчнөөн хүнд ял завших боломж олгоод байна, үүнийгээ та гүйцээгээрэй. Ингэж болдоггүй, хэзээ нэг цагт би ял хүлээдэг юм байна гэдгийг ойлгуулж өгөх хэрэгтэй. Энэ асуудлаар тусад нь мэдээлэл хиймээр байна” гэв.
Үүнд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж байгаатай холбоотой асуудалд үр дүн гаргаж ажиллана. Амандаа орсноо хэлдэг, худлаа ярьдаг сайд байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулдаг байдлыг таслан зогсооно” гэж хариуллаа.