Палестины Хамас бүлэглэл Израилд агаараас цохилт өгснөөс хойш тав хоногийн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд агаарын дайралтын улмаас Израил 1,000 орчим иргэнээ алдаж, 2,800 хүн гэмтэж шархаджээ.
Хамас бүлэглэлийн гэнэтийн цохилтын хариуд Израил дайн зарлаж, агаараас хариу цохилт өгч байна. Газын зурваст Палестины 900 орчим иргэн амиа алдаж, 4,500 хүн гэмтэж шархдаад байна.
АНУ уг дайнд Израилын талыг дэмжиж цэрэг армийн тоног төхөөрөмж, зэвсгийн тусламж үзүүлж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр мэдэгдэл хийлээ. Өнгөрсөн бямба гарагт эхэлсэн мөргөлдөөнд АНУ-ын 14 иргэн амь үрэгдсэн ба Хамасын барьцааны иргэд дунд ч америкчууд байгаа юм.
Байден Хамасын довтолгооныг эрс зэмлэн буруушааж, Израилд үзүүлж байгаа тусламжаа хоёр дахин нэмэгдүүлэхээ амлалаа. Одоогоор Вашингтоны зүгээс 3,8 тэрбум ам.долларын цэргийн тусламжийг Израилын талд үзүүлээд байгаа юм.
Израилын Батлан хамгаалахын сайд Ёав Галлант Газыг бүрэн эзлэх тушаал өгч, хүнс, шатахуун, бусад хангамжийн нийлүүлэлтийг таслан зогсоосон байна. Al Jazeera агентлагийн мэдээлснээр Израил хилийн бүсэд явган цэргийг их хэмжээгээр татан төвлөрүүлж байгаа ба Ливаны Хезболла бүлэг Израилын хилд ойртсон нь нөхцөл байдал цаашид хүндэрч болзошгүйг илтгэж байгаа ажээ.