Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар албан тушаалаасаа буух шийдвэр гаргамагц Ерөнхий сайд Х.Нямбаатарыг хотын даргаар томилох болсноо мэдээлэв. Зүгээр нэг хотын дарга бус Засгийн газрын БЭТ буюу Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж байгааг онцолсон нь анхаарал татав. Нийслэлийн Засаг дарга Засгийн газрын БЭТ болно гэдэг нь товчхондоо хотыг "самарна" гэсэн санаа юм.
Нийслэлийн Засаг даргын тамгын газарт ужгирсан бүх асуудлуудыг бүрэн эрхт төлөөлөгчөөрөө дамжуулан сөхөж тавина. Нийслэлийн бүх газруудад шалгалт хийж газрын дарга нараас халахыг нь халж, чөлөөлөхийг нь чөлөөлнө. Тухайлбал НИТХ-ын дарга, Засаг даргын орлогч нар, газар хэлтсийн дарга гээд нийтээр нь солих төлөвлөгөөтэй байгаа аж. Судалгаагаар нийслэлийн асуудлууд МАН-ын рейтингийг доош дарж буй үзүүлэлтүүд гарч байгаа учир дарга цэрэггүй уг үндсээр нь бүгдийг нь явуулахаар болсон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр гуравтай уулзан "өргөдлөө өг" гэхэд хоёр нь албан тушаалаас чөлөөлүүлэх өргөдлөө өгөхөөр тохирсон байна. Үүнээс гадна НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг ч мөн чөлөөлөх шийдвэрийг намыг даргын зүгээс гаргажээ.
Мөн Үндэсний аюулгүй байдал нэрийн дор ил тод бус нууц байдлаар тендерийн өрсөлдөөнгүй худалдан авалт хийсэн гэрээнүүд нийслэлд ногоон автобусаар зогсохгүй олон байгаа аж. Түгжрэлийг сааруулах ажлын хүрээнд нууцад оруулж тендергүйгээр худалдан авалт хийсэн гэрээнүүдийг ил болгох ажил нь Х.Нямбаатар даргын эхний ажлууд байх юм. Энэ бүх халаа сэлгээ, холио солио нийслэлийг Засгийн газраас 100 хувь хараат болгох юм. Үүний үр дүн эерэг, сөрөг аль нь болохыг цаг хугацаа харуулах биз ээ.