Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 51 секунд

Дараагийн хотын даргаар хэнийг сонгох вэ?

Дараагийн хотын даргаар хэнийг сонгох вэ?

Ногоон автобусны гайгаар Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч, "Дараагийн хотын даргаа хайрлаарай даа" хэмээн захин захин буулаа. Тэгвэл дараагийн Засаг даргаар хэнийг томилох нь олны анхаарлыг татаж байна. Хэд хэдэн хувилбар, хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа аж.

Хууль зүйн сайд эсвэл Шадар сайдад эрх шилжүүлэх хувилбар

Хот хариуцсан сайдыг цомхотгож Засаг газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах эрх үүргийг ХЗДХЯ-нд шилжүүлэх хувилбар яригдаж байна. Тэгвэл энэхүү эрх мэдэл Х.Нямбаатар сайдад очих юм. Эсвэл шадар сайд С.Амарсайханд шилжүүлэх бас нэгэн хувилбар яригдаж байгаа аж. Гэвч С.Амарсайхан сайд өмнө нь хотын даргын албанд рейтинг муутай ажилласныг хэн бүхэн мэднэ. Усаа зөөдөг усан оргилуур барьсан, нийтийн эзэмшлийн газруудыг нааш цааш болгосон гэх мэтээр олон нийт түүнд төдий л сайн биш.

Дараагийн хувилбар бол яг одоо хотдоо ажиллаж буй одоогийн НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Хотын даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нарын нэр яригдах нь мэдээж. Гэхдээ эдгээр залуус бусдынхаа дэргэд олонд танигдсан байдал нь тааруу тул магадлал багатай. Олон нийт бол "Моодын Болдоо", "Дарханы дарга Азжаргал" нарын тэс хөндлөн хүмүүсээс тавих хүсэлтэй байгаа. Ер нь хотынхоо даргыг хотын иргэд өөрсдөө сонгоё гэдэг асуудал ард түмний дунд ихээхэн яригдаж байна.

Гишүүдээс Н.Учрал, Э.Бат-Амгалан нарын нэр яригдаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн ойрын хүмүүсээсээ Хотын даргыг томилно гэсэн хувилбар хамгийн хүчтэй өрнөж байгаа аж. Гишүүдээс Э.Бат-Амгалан, Н.Учрал нарын нэрс яригдаж байна. Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн тул хотын даргын албан тушаал бол олз л гэсэн үг. Гурван жил гишүүнээ хийчихсэн удахгүй бүрэн эрхийнх нь хугацаа дуусах гэж байгаа хүнд хотын даргыг санал болговол шар тос өөрөө аманд орж ирэх нь тэр болно.

Дээр дурдсан хоёр гишүүн бол нэг нь Баянзүрх дүүргийг, нөгөө нь Сонгинохайрхан дүүргийг "базсан" хоёр талын хүчтэй өрсөлдөгчид. Э.Бат-Амгалан гишүүний хувьд Баянзүрх дүүргийн МАН-ын дарга бөгөөд нийслэлтэй холбоотой ажлуудад идэвхтэй байсаар ирсэн. Харин Н.Учрал гишүүн давхар ЦХХХ-ны сайдаар ажиллаж буй. Энэхүү албандаа хамгийн сайн зохицож буй ганц хүн гэдгээ өөрөө ч мэдэж байгаа, өрөөл ч мэдэж байгаа. Сонгинохайрханчуудын дунд Н.Учралын нэр хүнд өндөр учраас болохгүй гэх зүйлгүй. Мань хүн ер нь Цахимын сайдаа хийх үү, хотын дарга хийх үү гэсэн сонголттой нүүр тулчихсан бодож сууж ч болох.

МАН-ын бүлэг удтал ярилцсаны эцэст ямар ч байсан дараагийн даргыг хурдхан томилох шаардлагатай гэдэгтэй бүгд санал нэгджээ. Хүйтний улирал эхэллээ. Цацах давсны асуудал, ногоон автобуснуудын асуудал, утаа түлшний асуудал гээд шууд ханцуй шамлан орох ажлууд шил шилээ даран хүлээж байна.

Ж.Сүхбаатар: Үнэнээ хэлье, иргэд 3-4 жилийн хугацаанд нэлээд зовлон туулж байж түгжрэлийг сааруулна
Ж.Сүхбаатар: Үнэнээ хэлье, иргэд 3-4 жилийн хугацаанд нэлээд зовлон туулж байж түгжрэлийг сааруулна
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.