Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 7 секунд

Том мөнгөн дүнтэй тендерүүдийг нууцад оруулж шууд худалдан авах явдал хэрээс хэтэрлээ

Том мөнгөн дүнтэй тендерүүдийг нууцад оруулж шууд худалдан авах явдал хэрээс хэтэрлээ

Тендер зарлахгүйгээр 318 тэрбум төгрөгөөр автобус худалдан авснаа нууцын зэрэглэлд оруулсан талаараа Хотын дарга Д.Сумъяабазар тайлбар хийв. Тэрбээр хугацаа алдаж, тендерийн хэрүүл гарах гээд байсан учраас автобусны тендерийг нууцад оруулаад шууд худалдан авсан гэж тайлбар хийж байна. Энэ мэтээр хугацаа алдахгүй гээд тендергүйгээр ҮАБЗ гэх шүхэр дор тэдэн тэрбумаар нь үрэх байсан юм бол Төрийн худалдан авалтын хуулийн хэрэг байна уу?

Автобусны тендерийг хэрүүл маргаангүй хурдан явуулах гэж нууцад оруулсан гэдэг бол байж боломгүй тайлбар. Тендерийг баримт бичгээ зохих журмын дагуу гүйцэтгэл өндөр боловсруулаад шударгаар явуулбал ямар ч маргаангүйгээр 28 хоногтоо зохион байгуулах боломжтой. Баримт бичиг өрсөлдөөн боомилсон, ойлгомжгүй, зөрчилтэй эсвэл шалгаруулсан компани нь шалгуур хангаагүй гэх үндэслэлээр тендерт оролцогчид маргаан гаргадаг болохоос дур зоргоороо өргөдөл барьж гүйдэггүй. Хэрвээ үндэслэлгүй маргаан гаргавал тухайн гомдол гаргасан этгээдийн тендерийн баталгааг улсын орлого болгодог. 900 тэрбумын тендерээр барьцаа авбал хамгийн багадаа 90 сая төгрөгөө хураалгана гэсэн үг.

Том мөнгөн дүнтэй төрийн худалдан авалтууд нууц гэдэг нэрийн дор тендергүйгээр татвар төлөгчдийн олон зуун тэрбум төгрөг ямар ч хяналтгүйгээр зарцуулагдаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл улс орны аюулгүй байдлыг хангахтай шууд холбоотой буюу батлан хамгаалахын, цэрэг арми, зэр зэвсгийн худалдан авалтыг л нууцад оруулж авдаг.

Гэтэл Үндэсний аюулгүй байдал гэдэг сэдвийг хавтгайруулж ил тод бус байдлаар өрсөлдөөнгүй худалдан авалт хийдэг байдал энэ Засгийн газрын үед хэрээс хэтэрч байна. Энэ автобус бол хамгийн сүүлийн жишээ. Үүний өмнө Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэрийн автозам, төмөр зам, хийн хоолой, эрчим хүч, барилга гээд маш олон төслүүд тендергүйгээр явсан. Мөн говийн бүсийн төмөр зам, автозамын бүтээн байгуулалтын ажлууд бүгд тендергүй явж байгаа гэх мэдээлэл ч бий.

Хотын захиргаа нь бичгийн боловсролгүй, үнэлгээний хорооныхон нь будлиан луйвар хутгадаг байдлаа засаж залруулж худалдан авалтын хуулиа баримтлахын оронд маргаан гарах учраас шууд гэрээ хийе гэж байгаа нь хулгайн шуудайг улам л томруулна. Нууц далдаар эх орон, аюулгүй байдал ярьсан иймэрхүү гэрээний ард үргэлж нугалаа завхрал, хулгай хуйвалдаан байдгийг одоо бараг дунд сургуулийн сурагчид нь мэддэг болсон цаг даа.

Хэвлэлийн магнат Р.Мердок хүүдээ хөрөнгөө шилжүүлжээ
Хэвлэлийн магнат Р.Мердок хүүдээ хөрөнгөө шилжүүлжээ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.