Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 31 секунд

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн чуулган Монгол улс ардчиллаас ухарч байгааг санууллаа

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн чуулган Монгол улс ардчиллаас ухарч байгааг санууллаа

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулган Женев хотод зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганы үеэр Монгол улсад хүний эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг шинжээчид танилцуулсан байна.

Тодруулбал, НҮБ-ын хүний эрхийн шинжээчид Монгол Улсад 2022 оны 10 дугаар сард ирж ажиллан, хүний эрхийн зөрчил Монгол Улсад дээд цэгтээ хүрсэн бөгөөд УИХ холбогдох хууль тогтоомжийг яаралтай засаж сайжруулах шаардлагатай хэмээн дүгнэжээ.

Түүнчлэн шүүхийн шийдвэргүйгээр хүнийг дур зоргоор баривчилж, цагдан хорьсон тохиолдлууд нь 2020 онд нийт баривчлах ажиллагааны 99,3 хувьд хүрсэн бол 2021 онд 98,3 хувьд хүрсэн шүүхийн ямар нэгэн шийдвэргүйгээр үйлдсэн ажил хэмээн НҮБ-ын шинжээчид дүгнэлтэд хавсаргасан байна.

Женевт болсон чуулганд Монгол Улсыг төлөөлөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд оролцсон бөгөөд дээрх дүгнэлтийн хариуд "ХҮЭК Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн ба холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлтөд оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон" гэх тайлбарыг өгсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд "хойшлуулшгүй тохиолдол" гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг тодорхойлжээ.

Тэгвэл энэхүү хуулийн цоорхойг ашиглан хэн нэгнийг шууд баривчилж, цагдан хорих тохиолдол хэрээс хэтэрлээ. Шүүхийн шийдвэргүйгээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хоригдсон иргэдийн 90 хувь нь шүүхээр орсны дараа цагдан хорих шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрдэг. Өөрөөр хэлбэл хойшлуулшгүй ажиллагаа нэрийн дор хүнийг шууд баривчилж, "төрийн төмөр нүүрийг үзүүлэн" хэд хоногийн дараа сулладаг системийн доголдол үүсээд байна.

Дэлхийн улс орнуудад 6-аас дээш цаг хүнийг цагдан хорьсон бол үүнийг баривчилгаа гэж үздэг ба тухайн хүнийг саатуулснаас хойш 6 цагийн дотор шүүх хуралдаж, шийдвэрээ гарган цаашид хорих шаардлагатай үгүйг тодорхойлдог. Гэтэл манайд нарийн журамлаж өгөөгүй учраас тухайн хүнийг хэдэн хоног, цаашлаад хэдэн сараар хорьж байгаад суллаад явуулдаг.

Хүний эрхийн зөрчил дээд цэгтээ тулаад буй энэ үед УИХ-ын намрын чуулган нээх гэж байна. Засгийн газраас энэ оны тавдугаар сард УИХ-д өргөн барьсан Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд "доромжлох" үйлдлийг эрүүгийн хуульд тусгахаар өргөн барьсан. Энэ хуулийг намрын чуулганаар хэлэлцэнэ.

Тэгвэл энэ нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2021.03.16-ны өдрийн 46/105 тоот тогтоол болох гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх дүрмийг зөрчиж байгаа юм. Тиймээс гүтгэх болон доромжлох үйлдлийг эрүүгийн хуульд тусгахгүй байх асуудлаар Хэвлэлийн Хүрээлэн, Глоб интернэшнл төв, Сэтгүүл зүйн инновац хөгжлийн Үүр төв болон Хэвлэлийн зөвлөл хамтран УИХ-ын дарга Г.Занданшатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр болон Хүний эрхийн үндэсний комисст албан бичгүүдийг хүргүүлээд байна.

Гүтгэх болон доромжлох үйлдлийг Зөрчлийн хуулиар шийдэж, тодорхой хэмжээний мөнгөн торгуулийн арга хэмжээ авдаг. Тэгвэл дээрх заалтуудыг Эрүүгийн хуульд тусгачихвал хэн нэгэн иргэн санаатай болон санамсаргүйгээр хэн нэгнийг доромжлоод эрүүгийн ял эдлэхээр болох нь. Хэдийгээр ялын хэмжээ нь зөрчлийн хуулийн адил мөнгөн дүнгээр шийдвэрлэгдэх хэдий ч тухайн хүний намтарт эрүүгийн ял хүлээж байсан гэх хар тамга үлдэх нь. Тиймээс хууль энэ чигээр батлагдвал бид ардчиллаасаа нэг том алхам ухарч буй явдал болох юм.

ТОП 10: Дэлхийн хамгийн үзэмжгүй 10 барилга
ТОП 10: Дэлхийн хамгийн үзэмжгүй 10 барилга
 
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.