Украины ерөнхийлөгч Володимир Зеленський өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотод ирлээ. Зеленський нисэх онгоцны буудлаас шууд Staten Island их сургуулийн эмнэлэгт очсон бөгөөд тэрбээр Украины дайнд шархадсан цэргүүдтэй уулзав.
Украины цэргийн албан хаагчид гар хөлөө тайруулах хагалгааны дараах эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа юм.
Зеленський энэ сарын 19-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлнэ. Украинд дайн эхэлснээс хойш анх удаа Зеленський НҮБ-ын төв байранд өөрийн биеэр очиж, Ерөнхий Ассамблейн чуулган индэр дээрээс дэлхийн удирдагчдад хандан үг хэлэх гэж байна.
Зеленський НҮБ-ын гишүүн орнуудад хандан газар нутгийн бүрэн бүтэн байдлын зарчмыг бэхжүүлэх, тусгаар тогтносон улсуудын эсрэг түрэмгийллийг таслан зогсоох, НҮБ-ын чадавхийг нэмэгдүүлэх талаар тодорхой санал тавих бодолтой байгаагаа өмнө нь мэдэгдсэн юм.
Түүнчлэн Украины Ерөнхийлөгч Вашингтоныг зорьж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Конгрессын гишүүд, АНУ-ын арми, бизнесийн төлөөлөлтэй уулзах төлөвтэй байна.