Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын XXI их хурал есдүгээр сарын 20-ны өдөр буюу маргааш болно. Тус хурлаар МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчөө тодруулах билээ. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн есөн хүн бий.
-
"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд,
-
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн,
-
"MCS" группийн дэд ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин,
-
Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий,
-
Эдийн засагч Б.Лакшми,
-
Скайтел группийн гүйцэтгэх захирал асан Д.Болор,
-
ЭМ ТИ ЭМ СИТИ ИНЖЕНЕРИНГ ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Мөнхсайхан,
-
“Улаанбаатар үнэт цаасны бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга,
-
Коёотэ ХХК-ийн захирал Д.Бямбасайхан нарын хүмүүс танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдээд байгаа юм.
Одоогийн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинг 2019 онд болсон XX их хурлаар сонгосон ба түүнийг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "зүтгүүлсэн" гэгддэг. Иргэд, аж ахуй нэгжүүдийн бизнес хийх таатай орчинг бүрдүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй тус байгууллагыг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд буюу ковидын хүнд үед удирдсан. Энэ хугацаанд танхимын үйл ажиллагаа, бодлого бизнес эрхлэгчдийг дэмжсэн гэхээсээ илүүтэйгээр тэдэнд саад учруулах нь олон тохиолдов.
О.Амартүвшин ковидын үед танхимын Ерөнхийлөгчөөр ажилласан нь түүний хувьд бизнес эрхлэгчдийн хүнд хэцүү цаг үеийг даван туулахад том туслалцаа үзүүлэх боломж байсан ч үүнийг эсэргээр ашигласан юм. Тухайлбал, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг таван шат дамжин 100-150 мянган төгрөгийн хураамж төлөн авдаг бичиг баримтыг 1 сая 500 мянган төгрөгөөр зардаг байсан гэх мэдээлэл бий.
Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь тендерт шалгарсан ААН давагдашгүй хүчин зүйлийн /байгалийн гамшиг, цар тахал гэх мэт/ улмаас хугацаандаа тухайн ажлаа гүйцэтгээгүй тохиолдолд МҮХАҮТ-д хүсэлт гарган авч торгууль алдангиас чөлөөлүүлэх гэрчилгээ юм.
Үндсэндээ төрийн хүнд суртлаас бизнес эрхлэгчдээ хамгаалах ёстой байгууллага нь төртэйгээ нийлээд хүнд суртал гаргаж, торгуулиас чөлөөлөх бичиг баримтыг ёс журмын дагуу бусаар 10 дахин өндөр үнэтэйгээр дамлан зарсан байгаа юм.
Тэгвэл танхимын дараагийн ерөнхийлөгчөөр хэнийг сонгох нь сонирхол татаж байна. Дээр дурдсан 9 нэр дэвшигчдээс "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, "MCS" группийн дэд ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин нарын нэг нь тодрох магадлал өндөр байгаа юм.