Сэтгүүлч Өнөрцэцэг хүний эрхтэн хулгайгаар авсан гэх асуудлыг хөндөж нийгмийг багагүй шуугиуллаа. Тэгвэл Монгол Улсад үнэхээр хүний эд эрхтний наймаа байгаа юу, байх боломжтой юу? Гэдгийг дараах товч тоймоор тайлбарлаж байна.
Донорын тухай хууль Монгол Улсад анх 2000 онд батлагдсан бөгөөд 2012, 2018, 2022 онуудад тус тус нэмэлт өөрчлөлт орж шинэчлэгдсэн юм. Үүнээс гадна Монгол Улс хүний наймаа, хүний эрхтний наймаа, эрхтэн шилжүүлэн суулгах аялал жуулчлалаас ангид байх Станбулын тунхаглалд 2018 онд нэгдэн орсон байдаг. Энэ бүгдийг дүгнээд үзвэл Монголд хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авах, худалдаалах нь хууль эрх зүйн хувьд ямар ч боломжгүй юм байна. Харин тухайн амьд донор өөрөө зөвшөөрсөн, эсвэл амьгүй донорын гэр бүлийн хүмүүс нь зөвшөөрөл өгсөн тохиолдолд эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгдэх боломжтой байна.
Одоогоор Монгол Улсад дараах эд эрхтэн шилжүүлэн суулгах багууд ажиллаж байна.
2018 оны нэмэлт өөрчлөлтийн дагуу 6 хүний бүрэлдэхүүнтэй Эд эс эрхтэн шилүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан юм. Энэхүү байгууллага нь Монгол улсын хэмжээнд эд эс эрхтэн шилүүлэн суулгах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах, хянах, зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.
Эд эс эрхтэн шилүүлэн суулгах эмчилгээ нь амьд болон амьгүй донороос хийгддэг.
Амьд донор - өөрийн эд эс эрхтний хэсгийг сайн дураараа өгөгч(тухайн эмчлүүлэгчийн гэр бүлийн гишүүн байна)
Амьгүй донор - тархины үхэлд хүрсэн, тархины үхэл нь батлагдсан, гэр бүлийн 3 гишүүнээс зөвшөөрөл авч үйл ажиллагааг явуулдаг.
Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн ЭЭЭШСА-ы Донорын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Алтантулга : Гэр бүлийн уулзалт маш хүнд хэцүү байдаг. Өглөөхөн эрүүл гарсан хүн орой нь хүнд байдалд орчихсон стресстэй, сэтгэл санаа хүнд байгаа үед нь манай алба очиж уулзаад, зөвшөөрөл хүсдэг. Энэ үед нь бид бүх зүйлээ танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулна. Дараа нь эрхтэн авах, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эхэлдэг.