Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 26 секунд

Б.Ганхуягийн хэлснээр түрүүлж дугарсан хүн Л.Оюун-Эрдэнэ мөн үү?

Б.Ганхуягийн хэлснээр түрүүлж дугарсан хүн Л.Оюун-Эрдэнэ мөн үү?
  • Б.Ганхуяг: АТГ-д бүх оффтейк гэрээ, тээвэр гээд бүх юмаа ярьсан. Хаана байгаа юм бэ, тэр хэргүүд?
  • Нүүрсний оффтейк гэрээнүүдийн тал нь л ил болсон.
  • МАН-ын нөлөө бүхий албан тушаалтнууд нүүрсний хэрэгт холбоотой байж болзошгүй.

Эрдэнэс тавантолгойн захирал гэж “шоронгийн даллагатай” албан тушаал бий. Анхны захирал нь ор сураггүй алга болсон. Бээжингээс зарим нэг зүсээ хувилгасан авлигачид баригдсан сурагтай. Мань эр хүйсээ солиулчихсан Тайландад яваа ч юм билүү хэн мэдлээ. Сүүлийн хоёр нь хорих байранд “бүгд найрамдахаа” хүлээгээд сууцгааж байна. За тэр ч яахав гол сэдэвтээ орьё.

Өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн “нүүрсний хулгайн” шүүх хурлын үеэр яллагдагч Б.Ганхуяг хэд хэдэн зүйлийг ярьсан нь хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхаарлыг татлаа. Түүний хэлснийг болж өнгөрсөн зарим үйл явдалтай холбоод логикоор бодоход сонирхолтой өнцгүүд гараад байгаа юм л даа.

Б.Ганхуяг хэлэхдээ: “АТГ-д бүх оффтейк гэрээ, тээвэр гээд бүх юмаа ярьсан. Хаана байгаа юм бэ? Тэднийг дараад надад жорлонгийн хэрэг тохоод дуусах гэж байгаа юмуу?” гэж ил цагаан хамжигчдаа зарласан.

Мөн Б.Ганхуяаг: “Намайг ингээд ярихаар маргаашнаас балбаж эхэлнэ. Хамгийн түрүүнд дугарсан хүн нь хамгийн том нүүрсний хулгайч шүү” гэжээ. Гэтэл түүний хэлснээр хамгийн түрүүнд дугарсан хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болж таарлаа. Тэрбээр “авлигачид баригдахаараа хүний эрхийн мэдрэмжтэй болчихдог. Хүний эрхийг тэгтлээ дэмждэг юм бол яах гэж авилга авсан юм?” гэх зэргээр нэлээд хүчтэй хариу барьсан байдаг.

Үнэхээр Л.Оюун-Эрдэнэ өөрөө нүүрсний хулгайд холбоотой юу? Эсвэл Б.Ганхуяг үхэхдээ үхэр буугаа гэгчээр үе тэнгийн үхэр хонь жилтнүүдээ татаж унагах элдэв юм сэдэж байна уу?

Цаашлаад Б.Ганхуяаг: “Намайг оролцуулахгүй нүүрсний хулгайн хэлэлцүүлэг хийнэ гэж юу байдаг юм бэ? Би энэ компанид 2007 оноос хойш ажилласан. Надаас илүү нүүрс мэдэх хүн байхгүй?” гэж хэлсэн. Тэр үнэн байх шүү. Хулгайлах нүүрсээ мэдэхгүй хүн яаж тэр том шилэн байшинг барих билээ дээ.

Хөгжлийн банкны хэлэлцүүлэг дээр гол эзэн холбогдогчид, орон шоронд ял сонссон албан тушаалтнуудыг хүртэл гавалж ирээд суулгасан атлаа нүүрсний хэрэгт “хүндүүдийг” яагаад оролцуулахгүй, аргацаагаад хойшлуулж бултаад байна гэдэг сонирхолтой л асуулт.

Эрдэнэс-Тавантолгой ХК-тай байгуулсан оффтейк гэрээний ердөө тал нь ил болсон. Цаанаа нь Хятадын төрийн өмчит томоохон компаниуд, Нефть боловсруулах үйлдвэрийн дамжуулах хоолой зэрэг тэрбум ам.доллараар яригдах гэрээнүүд нууц хэвээрээ байна гэж шуугих юм билээ. Манай талын гэрээнүүдээ нуугаад, дайсны гэрээнүүдийг ил болгосон байх л даа. Ард түмэн чинь танай тал биздээ? Манайхан ямар гэрээ хийснийг нэг харчихмаар л байна шүү.

Энэ мэтээр “нүүрсний хулгайн” эргэн тойронд хардаж, тодруулах асуулт асар их байна. Ямартай ч ордон, шорон дахь МАН-ынхан аль аль нь “нүүрсний хулгай” байдаг гэдгээ зөвшөөрч байна. Харин эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүйгээ шоронд баглаж, юу ч яриулахгүй яллаад чимээгүйхэн шиг өнгөрөх вий гэсэн хардлага өөрийн эрхгүй урган гарч ирээд байгаа юм.

Энд тэндхийн тамхины цэг дээр их л яригддаг байсан даа. МАН-ын 6 давхараас Эрдэнэс тавантолгойру чиглэл өгдөг, МАН-ын “тэргүүн хамбын” зөвшөөрөлгүй ямар ч гэрээ зурагддаггүй гэх мэт. За худлаа байвал уучлаарай. Сонссоноо л бичсэн юм шүү. Тэгээд цагдаа сэргийлэхэд өгөөд хэнээс сонссов гээд До яам царайлаад, дотоод тагнуулчаа хайгаад унав!

Нефтийн үйлдвэрийн автор нь хэн билээ? яагаад төмөр замынх нь гэрээг ил болгочихоод, хоолойны гэрээгээ хав дардаг юм? гээд ярьвал яриа ч цаашаа улам өнгөт, улам өрнөлтэй болно.

Жич: Энийг бичигч бээр Б.Ганхуягийг шударга сайхан хүн гэж огтоос хэлээгүй. Хулгайч нарынхаа тоо толгойг яс бүртгэнэ шүү л гэж байгаа юм. Тийм болохоор Б.Ганхуягийг сулла гэж хэлмээр байна. Хамаг юмыг нь яриулаад хамт буцаагаад хийчихгүй юу! Жаахан цус үзье л дээ айн...

Анагийн эрэлд: 45 жилийн дараа “асрагч ээж“-тэйгээ дахин уулзсан түүх
Анагийн эрэлд: 45 жилийн дараа “асрагч ээж“-тэйгээ дахин уулзсан түүх
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.