Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
2 минут 1 секунд

Диана гүнжийн “хар хоньтой” ноосон цамц дуудлага худалдаанд $1.1 саяар зарагджээ

Диана гүнжийн “хар хоньтой” ноосон цамц дуудлага худалдаанд $1.1 саяар зарагджээ

Диана гүнжийн бага залуу насандаа өмсөж байсан алдартай ноосон цамцыг үнэ хаялцуулан зарахад $1.1 саяын үнэ хүрсний Sotheby’s дуудлага худалдааны төв өчигдөр мэдээлжээ.

Ганц хар хонь, олон цагаан хонины дүрс бүхий энэ цамцыг өмссөн тэрбээр хунтайж Чарльзтай сүй тавьсныхаа дараахан 1981 оны зургаадугаар сард пологийн тэмцээний үеэр олон нийтийн өмнө ил гарч байсан юм. Тэр үед Диана 19 настай байжээ.

Дуудлага худалдааг зохион байгуулагчид цамцны үнийг $50,000-$80,000 хүрнэ гэж тооцоолж байсан нь ийнхүү олон дахин өссөн байна. Өрсөлдөөн маш ширүүн байсан тул үнэ хаялцах хугацааг хэдэн минутаар сунгахаас өөр аргагүйд хүрчээ. Сүүлчийн 15 минутад цамцны үнэ $190,000-аас $1.1 сая болж хурдтай өссөн байна.

Цамцыг тухайн үед төдийлөн олны танил болоогүй байсан дизайнерууд болох Сэлли Муйр, Жоанна Озборн нар урлаж, Warm and Wonderful оёдлын үйлдвэртээ нэхэж байжээ. Дианаг өмссөний дараа тэдний бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдэж байсан байна.

Зураг нь хэвлэлд гарснаас хойш хэд хоногийн дараа Диана гүнж цамцных нь нэг ханцуй гэмтсэн тул засаж өгөхийг хүссэн захидал дизайнеруудад илгээж байжээ. Тэд шинээр сольж өгч, хуучин цамцыг нь засварлаж өгөхөөр хадгалж байгаад мартжээ.

Харин 2023 оны гуравдугаар сард Озборн уг цамцыг дээврийн хөндийд байсан хайрцгаас олсон юм байна. Дуудлага худалдааны ялагч Дианагийн ирүүлсэн захидал, шинэ цамц хүлээж авсныхаа дараа явуулсан талархлын зурвасыг цамцтай хамт хүлээж авчээ.

Эх сурвалж: AFP

Өнөөдөр өглөөнөөс эхлэн “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарлажээ
Өнөөдөр өглөөнөөс эхлэн “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарлажээ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.