1937.09.10-нд Зөвлөлтөөс авчирсан 115 хүний нэрсийн жагсаалтын дагуу их баривчилгаа эхэлжээ. Энэ хэлмэгдлээр 17612 лам, 16 сайд, дэд сайд, 42 генерал, Төв хорооны 11 тэргүүлэгчдээс 9, Төв Хорооны гишүүдийн 83.6, ХБКын 80, намын гишүүдийн 70% баривчлагдан хэлмэгджээ. Энэ жилүүдэд Монгол Ардын хувьсгалт улаан цэргийн дээд тушаалын генералтай тэнцэх 77 даргын 72 нь буудуулжээ. Эцэст нь энэ цус хядлагыг гүйцэтгэсэн Дотоод яамны байцаагч нарыг нь 1939 оноос эхлэн баривчлан ЗХУ руу аваачиж цаазалжээ.
1937 онд эхэлсэн уг харгис үйл явдал нь хэлмэгдүүлэлт биш харин их хядлага юм. Энэ талаар XX зууны манлай нийтлэлч, улс төрч Б.Батбаяр(Баабар) тайлбар хийжээ.
Тэрээр хэлэхдээ, "Хэлмэгдүүлнэ гэдэг хэн нэгнийг арай хэтрүүлээд, эсхүл эндүүрээд шийтгэхийг хэлж байгаа хэрэг. Зүв зүгээр байсан монгол эрсийн 20 хувийг буудсан явдал бол хядлага. Энэ улаан хядлагыг өнөөгийн ажлаас нь халах, хэл амаар доромжлохтой зүйрлэх нь зөөлөн хэлэхэд хүний үнэргүй явдал. Тэгэхээр одоогийн сонинд гүтгэх, ажлаас халахтай адил үйл явцыг МАХН 1937 онд хийсэн юм шиг ойлгогдож байгаа биз. Үүнийг хооронд нь зааглахгүй бол болохгүй. Хэлмэгдэл өнөөдөр үргэлжилж байна л гэнэ, байсаар байна л гэнэ. Магадгүй. Гэхдээ 1937 оных шиг хядлага болоогүй. “Хэлмэгдэл” гэдэг нэршил үгийг 1957 онд зохиосон. “МАХН 1937 онд ангийн дайсантай тэмцсэн, тийм ч аймаар юм болоогүй, зарим нэгийг нь хэтрүүлээд хэлмэгдүүлчихсэн тал бий” гэсэн тайлбар тэгэхэд гарсан юм. Энэ утгаа хадгалсаар өдий хүрлээ."
Угтаа МАХН 1937 онд болсон их хядлагыг хэлмэгдүүлэлт хэмээн зөөлрүүлсээр иржээ. Сүүлийн хэдэн жил бүр мартагдуулах хандлага ч ажиглагдсаар байна.
Монгол Улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол улсын төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцдог юм.
АН-аас нэр дэвшиж сонгогдож байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь төрийн эрхийг барьж байх хугацаандаа уг ёслолыг алагсалгүй жил бүр оролцсон байна. Гэтэл МАН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн 2 жил дараалан энэхүү ёслолд оролцоогүй байна.
Сүүлийн долоон жилд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцсон төрийн гурван өндөрлөгүүд
2016
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан М.Энхболд, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нар оролцсон.
2017
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан М.Энхболд нар оролцсон.
2018
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан М.Энхболд, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нар оролцсон.
2019
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нар оролцсон.
2020
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар нар оролцсон.
2021
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцсон.
2022
УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцсон.
2023
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон.