“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр шүүгдэгч Б.Ганхуяг өөрийн байр сууриа илэрхийлэхдээ хэд хэдэн асуудлыг хөндөн ярив. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн шүүхийн танхимд хэлсэн эшлэлүүдийг онцлон хүргэж байна.
Намайг 9 сар хорилоо. Намайг энд байлгах сонирхолтой хүмүүс цаад талдаа байгаа хэвээр юм байна.
Т.Аюурсайхан надтай хальт найзласнаасаа болоод энд ирээд сууж байгаа юм уу. Тэгвэл 76 гишүүн бүгдээрээ энд ир.
Би 2007 оноос энд ажилласан. Надаас илүү Монголд нүүрс мэддэг хүн байхгүй. Гэтэл яагаад надгүйгээр УИХ нүүрсний сонсгол хийж байна вэ?
Би энэ улсаас, уурхайчдаас нэг ч төгрөг хулгайлаагүй. Та нар намайг яаж ч яллах гэсэн би нэг ч хэрэг хүлээхгүй. Яагаад гэвэл би хэрэг хийгээгүй.
Авлигатай тэмцэх газарт миний ярьсан зүйлийг энд оруулж ирээгүй байна.
Намайг үг хэлүүлэхгүй байна. 68 хүнийг жагсаалаар баригдсанаас би ганцаараа 9 сар хоригдлоо. Намайг гаргачихвал маш олон хүний зүрх зогсчих гээд байна.
Маргааш баахан хэвлэлийн хурлууд болно. Хамгийн түрүүнд энэ талаар ярьсан хүн хулгайч шүү. Тэр хүн нүүрсний эзэн.
Намайг хамгийн их муулж байгаа хэвлэл хамгийн их мөнгө авсан.