Английн урд хэсэгт байрлах Девон мужийн Кокинтон хотын дарга нь Патрик нэртэй одой морь гэвэл та итгэх үү. Итгэмээргүй ч түүнийг бэлгэдлийн чанартайгаар хотын даргаар өргөмжилжээ.
Кокинтон тосгоны иргэд дундад зууны хуучинсаг хэв маягийн амьдралтай ба оршин суугчид болох Петракисийн гэр бүлийнхэн одой морьдоор хөллөсөн морь тэргэнд сууж эмнэлэгт хүргэгддэг аж. Нэг тэргийг таван морь чирэх ба тэдгээрийн нэг нь Патрик байжээ. Патрик бусад морьдыг бодвол илүү авхаалжтай, сэргэлэн, хайр татам бөгөөд ковидын үеэр хотын иргэдийг эмнэлэгт хүргэх чухал үүргийг гүйцэтгэсэн нь олны хайрыг татсан байна.
5 настай Патрик олны танил болсноос хойш тосгонд болж буй томоохон үйл явдал бүрт ирж оролцдог болжээ. Ингээд 2022 оны долдугаар сард Орос-Украины дайны үед Украинд хандив өгөх арга хэмжээнд Патрик оролцсон ба энэ үеэр нэгэн иргэн тоглоом болгон "Түүнийг хотын дарга болгох хэрэгтэй" гэж хэлсэн нь Кирк Петракист "яагаад болохгүй гэж" хэмээх бодлыг төрүүлжээ.
Ингээд оршин суугчдаас санал аван 200 гаруй хүний гарын үсгийг цуглуулснаар Патрикийг хотын даргаар өргөмжилсөн нь энэ аж. Патрик өнгөрсөн оны наймдугаар сард хотын дарга болсон ба одоог хүртэл албан үүргээ гүйцэтгэж буй хэвээр юм.