-
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн тухай ноцтой мэдээллийг "Шилэн Цогоо" мэдээлэв.
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тосон бумбын орд дахь Б.Чойжилсүрэнгийн уурхайн үйл ажиллагааг зогсоох чиглэл өгч байв.
-
Коксжсон нүүрс үр дүнгээ өгвөл ирэх жил яг тухайн түлшийг үйлдвэрлэх үйлдвэр барихаар төлөвлөж байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 177.5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжих нүүрсийг асаагуурын хамт худалдан авч 45 хоногийн хугацаанд шатаах туршилт хийх талаар мэдээллийг олон нийтэд өгснөөс хойш багагүй шүүмжлэлтэй нүүр тулж буй. 2008 оноос хойш тасралгүй УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаа "туршлагатай" улстөрчийн хувьд энэхүү урдаас нүүрс худалдаж авах ажил нь түүний хамаарал бүхий этгээд буюу төрсөн дүүгийнх нь нүүрсний уурхайтай холбоотой байж болзошгүй мэдээллийг "Шилэн Цогоо" буюу Б.Цогтгэрэл ноцтойгоор мэдээлсэн.
Тэрбээр "Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү Дорноговь аймгийн Хөвсгөл суманд Айл баян гэх нүүрсний уурхайтай юм байна. Тэр нүүрсээ экпортлоод буцааж аваад түлэх гэж байгаа юм уу. Ийм л дүр зураг надад харагдаад байгаа юм. Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү 177 тэрбум төгрөгөөр 45 хоног коксжуулсан нүүрс түлэх саналыг дэмжиж, эсэргүүцсэн хүмүүсийг элдвээр хараан доромжилж байна. Хамаарал бүхий этгээд нь уурхай ажиллуулдаг байхад яагаад Эрчим хүчний сайд хийгээд явж байдаг юм" гэв.
Тэгвэл та бүхэнд нэг зүйлийг сануулъя. Одоогоос яг дөрвөн жилийн өмнө буюу 2019 оны есдүгээр сард одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Тост, Тосон бумбын орд дахь Б.Чойжилсүрэнгийн хувь эзэмшдэг уурхайн үйл ажиллагааг зогсоох чиглэл өгч байв.
Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Манай намын зарим олигархууд арай даварч байна. Уул ус хилэгнүүлж байна. Тост, Тосон бумбын ордыг улсын хамгаалалтад ав. Үүнтэй нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Байгаль орчин аялал жуулчлалын сайд өнөөдөр тушаал гаргаад тэр уурхайн үйл ажиллагааг зогсоо. Цагдаагийн дарга энэ асуудлаар хэргэ үүсгэж шалга" хэмээн үүрэг өгч "Сауд гоби коэл транс" компанийн үйл ажиллагааг зогсоож, Тост, Тосон бумбын ордыг улсын хамгаалалтад авсан юм.
Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн давхар дээлтэй болж, Эрчим хүчний сайдаар ажиллаж буй. Монголчуудын тал хувь нь амьдарч буй Улаанбатар хотын утааны асуудлыг хариуцах томоохон алба хашиж буй Б.Чойжилсүрэн сайдын шийдвэрээр 177 тэрбум төгрөгөөр Хятадаас коксжсон нүүрс худалдан авах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу нийслэлчүүд бид 177 тэрбум төгрөгийн "туршилтад орох" гэж байна.
Сайдын хэлснээр тухайн нүүрсийг бүгд хэрэглэвэл утаа 50 хувиар буурна гэх. Сайнаар бодож Хятадын коксжсон нүүрс үр дүнгээ өгвөл ирэх жил яг тухайн түлшийг үйлдвэрлэх үйлдвэр барих аж. Энэ мөнгө мөн л төсвөөс гарна. Тэрхүү үйлдвэр нь өмнөх муу туршлага Тавантолгой түлш ХХК-ийн алдааг давтахгүй байх баталгаагүй.
Энэ бүхний эцэст Ерөнхийлөгч танаас нэг зүйлийг асууя. Таны Ерөнхий сайд байхдаа "даварсан олигархуудтайгаа тэмцэнэ" хэмээн хэлж байсан чинь хэвээрээ юу? Хэдийгээр Ерөнхийлөгч Монгол Ардын намаас хамааралгүй болсон ч энэ улсын төрийн тэргүүний хувьд ард түмний хувьд эмзэг сэдэв болсон утааны асуудалтай тэмцэх нэрээр өөртөө ашигтай үйлдэл хийж байж болзошгүй хэн нэгэн албан тушаалтныг зүгээр хараад суух уу?