Манайхан Оросоос “оочир” (очередь) гэдэг үгийг нь аваад, хэрэглээг нь аваагүй хоцорсон улс. “Оочир” гэдэг хэлц Монгол хэлний үгийн сангийн “дараалал” гэдэг үгийг бодвол хэрэглээ талаасаа бидний харилцан яриаг илүү амарчилсан. Нэр үгийг үйл үгтэй нийлүүлсэн нэг л үг. “Дараалалд зогсож байна” гэхээс илүүтэйгээр “оочирлож байна” гэвэл илүү амар байгаа юм.
Гэхдээ бид алтыг нь аваад авдрыг нь хаядгийн адилаар оочирлох үйлийг нь сураагүй л явна. Дэлхийн хаана ч хэрэглэгч, борлуулагч хоёрын харьцаанаас шалтгаалан их, бага хэмжээтэй оочир үүсдэг. Үүнийг зохицуулахын тулд нарийн механизм, систем гээд байх зүйл хэрэггүй. Ердөө хүмүүсийн ухамсрын асуудал юм.
Таны өмнө ирж зогссон хүн яг л тантай адил тэр зүйлийг авахыг, тэр дотор орохыг эсвэл тэндээс гарахыг хүсээд л зогсож байгаа учраас тэр хүнийг болон түүний урд зогсож буй бүх хүнийг өөр шигээ хүндлэх хэрэгтэй гэсэн бодол далд ухамсарт нь суусан байдаг. Тийм л учраас хөгжилтэй орны гэлтгүй ихэнх орны хүмүүс хэдэн цагаар бүр хоногоор оочирлож чаддаг. Үүнд нийгмийн гарал үүсэл огт хамаагүй.
Хамгийн тод санаж буй ойрын жишээг дурдахад Английн хатан хааны оршуулгын ёслолд оролцон гашуудал илэрхийлэхийн тулд дэлхийн алдарт хөлбөгчин Дэвид Бэкам 13 цаг энгийн иргэдийн дунд оочирлосон явдал юм.
Гэтэл манайхан оочир дундуур шургадаг, оочир захидаг, оочир урд хойно байсан гэж маргалддаг, олуулаа хүч түрэн дайрдаг хэвээр л. Массын хэмжээнд өдөр тутам оочирлох үйл багассантай холбоотой байж болох. Картын барааны үе өнгөрч манайханд яг суух гэж байсан оочирлох соёл буцаад суларч эхэлсэн. Усны худгууд цахимжсанаар мөн л оочирлох шаардлагагүй болсон. Бэлэн мөнгөний хэрэглээ багассанаар банк, АТМ-д оочирлохоо больсон.
Ковидын үеийн халдвар хамгааллын дэглэм монголчуудын оочирлох соёлыг хоёр ч шатаар ахиулж байв. Нэгдүгээрт оочир дайрахгүй, хоёрдугаарт заавал наалдаж зогсолгүйгээр оочирлож болдгийг харуулсан. Гэтэл ковидын дэглэмийг цуцалснаас хойш бид эргээд хүй нэгдлийнхээ үе рүү буцсаныг E-Mart дэлгүүрийн шинэ салбарын нээлтийн үйл ажиллагаанаас тодхон харж болохоор байна.
Хамгийн гайхалтай нь тэр их эмх замбараагүй байдлын буруутан нь өнөөх дэлгүүр нь болчихсон явдаг. “Зохион байгуулалт муутай байна” хэмээн шүүмжилдэг. Заавал мал шиг хашуулж, харуул цагдаа зогсоож байж оочирлох гэдэг миний ард түмэн оочирлохуйн арга ухааныг сүвэгчилж суусаар XXI зууныг барах вий дээ.