The Sotheby’s дуудлага худалдааны төв өчигдөр “Queen” хамтлагийн ахлагч Фрэдди Меркюри агсны хуучин эд зүйлсийг үнэ хаялцуулан заржээ.
Лондон хотод долоо хоног үргэлжилсэн дуудлага худалдааны сүүлчийн өдөр рок одын 59 эд зүйлийг нийт 12.2 сая фунт стерлингээр ($15.4 сая) зарсан байна. Дуудлага худалдаанд дэлхийн 61 улсаас 2,000 орчим хүн оролцжээ.
Хамгийн өндөр үнэ хүрсэн эд зүйлс нь Меркюригийн хэрэглэж байсан Yamaha үйлдвэрийн төгөлдөр хуур ($2.2 сая), “Bohemian Rhapsody” дууны үгийг анх зохиосон гар бичмэл ($1.7 сая) болсон байна.
Энэ гар бичмэлээс Меркюри алдартай хит дуугаа “Mongolian Rhapdosy” гэж нэрлэх гэж байсан нь саяхан анх удаа ил болсон юм. Ямар нэг шалтгаанаар тэр “Mongolian” гэж бичсэнээ зураасаар дараад “Bohemian” болгон өөрчилсөн байжээ.
Бохемиа бол өнөөдрийн Чех улсын харьяанд байдаг газар нутгийн түүхэн нэр юм.
Дэлхийн рок хөгжмийн од Фрэдди Меркюри 1991 онд ДОХ өвчний улмаас нас барж байв.
Дуудлага худалдааны орлогыг хэд хэдэн буяны санд хандивлах ба тэдгээрийн дотор Элтон Жоны байгуулсан ДОХ-той тэмцэх сан байгаа юм байна.
“Би өнөөдөр ч Фрэддиг үгүйлэн санасаар байдаг. Тэр бол миний гайхамшигтай найз, миний хэзээ ч уулзаж байгаагүй хайр, амьдралаар дүүрэн нэгэн байсан юм. Тэр бас олон сая хүнийг дуу хөгжмөөрөө байлдан дагуулсан гайхалтай уран бүтээлч байлаа. Найрсаг, хүнлэг, хөгжилтэй түүнийг маань ДОХ хэтэрхий эрт энэ дэлхийгээс авч явсан юм” гэж Элтон Жон дуудлага худалдаанд оролцогчдод бичсэн захидалдаа өгүүлжээ.