Тимоти Дуэйн Хардауэй нь Америкийн сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин асан бөгөөд 1989-2003 он хүртэл нийт 14 улирал NBA-д тоглож байсан юм.
Хардауэй нь 1966 оны 9-р сарын 1-нд Иллинойс мужийн Чикаго хотод төрсөн бөгөөд 1985 онд Карвер бүсийн ахлах сургуулийг төгсжээ. Хардауэй ахлах сургуулиа төгсөөд "University of Texas at El Paso" буюу Эль Пасо дахь Техасын их сургуульд элсэн орж Дон Хаскинс ахлах дасгалжуулагчаар удирдуулсан "UTEP Miners" хэмээх тус сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт нэгдэн оржээ.
Хардауэй 1987, 1988 онд "El Paso's Sun Bowl" хэмээх тэмцээнд оролцож шилдэг тоглогч нь болсон байдаг. Мөн тэрээр 1989 онд үндэсний коллежийн шилдэг тоглогчоор Фрэнсис Померой Нейсмитийн шагналыг хүртэж байжээ.
Их сургуульдаа дөрвөн жил суралцаж төгссөний дараа тэрээр 1989 оны NBA-ийн драфтын эхний тойргийн 14 дэх сонголтоор Голден Стэйт Уарриорс багт сонгогдож Америкийн хамгийн том сагсан бөмбөгийн лигт хөл тавьжээ.
Улмаар Уарриорст Тим Хардауэй, Митч Ричмонд, Крис Муллин гэх шинэ их гурвал бүрэлдсэн юм. Тухайн их гурвал хурдан довтолгоог илүү сайн түвшинд гайхалтай хийдгээрээ алдартай байв. Тиймээс ч фенүүд нь тэд нарт "Run-TMC" хэмээх нэршлийг бий болгожээ.
Тим Хардауэй хоёр дахь улиралдаа буюу 1990-1991 оны улиралд Уарриорс багийн хамтаар плэй-оффд долоогоор гарч эхний шатандаа Дэвид Робинсоноор ахлуулсан Сан Антонио Спөрс багийг дөрвөн тоглолтод буулган авч байжээ. Гэсэн хэдий ч хоёрдугаар шатандаа Лос Анжелес Лэйкерс багийн эсрэг хүчин мөхсөдөж плэй-оффоос мултарсан байдаг.
Үүний дараа тэрээр дараагийн 2 улирал тун сайн тоглосон болов ч баг нь зорилгодоо хүрч чадаагүй юм. 1993 онд өвдгөндөө гэмтэл авч 1993-1994 оны улирлыг бүтэн өнжсөн юм. Бэртлээсээ эргэж ирсэн Хардауэй хуучны сайн тоглолтоо үзүүлсэн хэвээр л байлаа.
Гэсэн ч Уарриорс баг нь 1995-1996 оны улиралын дундуур түүнийг солилцоогоор Майами Хит баг руу явуулсан байдаг.
Улирлын дундуур очоод тэрээр ердөө 28 тоглолтод оролцсон ч 17.2 оноо 10 оновчтой дамжуулалт дундчилсан юм. 1996-1997 оны улирал түүний замналын хамгийн оргил үе гэж хэлж болно. Учир нь Хардауэй тухайн улирал бүх оддын тоглолтод сонгогдож, бүх NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгдэж, улирлын үнэ цэнтэй тоглогчийн шагналд дөрөвдүгээр байр эзэлж байсан юм.
Тим Хардауэй нь Майами Хит багийн өмсгөлтэй нийт зургаан улирал хүчин зүтгэсний дараа Даллас Маверикс руу солигдож түүний замнал төгсгөл хэсэг рүүгээ орж эхэлсэн юм. Нас явах тусам түүний ур чадвар суларсаар байв.
2001 онд түүнийг авсан Маверикс улирлын дундуур солилцоонд оруулж Денвер Наггетс баг руу явуулсан байдаг. Нас явах тусам түүний ур чадвар суларсаар байв.
Наггетс-ийн бүрэлдэхүүнд тэрээр ердөө 14 тоглолтод оролцжээ. Дараа улирал нь буюу 2002-2003 онд Хардауэй Индиана Пэйсерс багтай гэрээ хийсэн ч аравхан тоглолтод оролцож өндөрлүүлэн зодог тайлсан байна.
Ийнхүү тэрээр нийт 14 улирал NBA-д тоглохдоо таван удаагийн бүх одод, таван удаагийн бүх NBA-ийн бэлгэдлийн багт сонгогдож байжээ. Улмаар 2022 онд NBA-ийн алдрын танхимын гишүүн болсон байдаг. Мөн одоо NBA-ийн Даллас Маверикс багт түүний хүү Тим Хардауэй ЖР тоглодог юм.