Лхагва гарагт Москва хотын ойролцоо Тверь мужийн нутагт хувийн нисэх онгоц осолдож, бүх зорчигчид нь амиа алдсан байна.
Тэдний дунд хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин байсныг Оросын нислэгийг удирдах газар мэдээлжээ.
“Авиа компанийн өгсөн мэдээллээр Embraer-135 (EBM-135BJ) онгоцны зорчигчдын дунд Евгений Пригожин байжээ” гэж Росавиация байгууллага мэдээлсэн байна.
Мөн Вагнер групптэй хамтарч ажилладаг Grey Zone телеграм суваг Пригожин амь үрэгдсэн тухай мэдээлжээ.
Энэ ослоор нийтдээ 10 хүн амиа алдсан тухай албаны эх сурвалж мэдээлж байна. Тэдний дунд бас Вагнерын үйл ажиллагаа хариуцсан захирал Дмитрий Уткин байсныг мэдээлжээ.
Зургаадугаар сарын сүүлээр Москвагийн эрх баригчдын эсрэг гарсан зэвсэгт бослогын дараа Пригожиний хувь заяа бүрхэг болсон юм.
Өрнөдийн зарим шинжээчид түүнийг удахгүй алагдана гэж үзэж байв.
Гурван нисгэгч, долоон зорчигчтой онгоц өчигдөр Москвагаас Санкт-Петербург хотын чиглэлд нисэж яваад нийслэлээс хойд зүгт 100 км орчим зайд осолджээ.
Агаарын тээврийн нээлттэй мэдээллийн сангаас харвал Пригожиний эзэмшлийн онгоц Лхагва гарагийн орой Москвагаас хөөрөөд хэдхэн минутын дараа транспондерын сигнал нь тасарсан байна.
Тухайн газрын ойр орчимд онгоц аюулгүй газардах нисэх буудал байхгүйг мэргэжилтнүүд баталсан юм.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ийм осол гарсанд гайхахгүй байгаагаа илэрхийлжээ.
“Юу болсныг мэдэхгүй ч ийм зүйл болсонд би гайхахгүй байна” гэж Калифорни мужид амарч яваа тэр сэтгүүлчдэд хэлсэн байна.
Ослын цаана Путин байгаа эсэхийг асуухад Байден “Путиний оролцоогүй үйл явдал Орос улсад олон гараад байдаггүй. Гэхдээ надад тодорхой хариулт хэлэх хангалттай баримт алга. Сүүлийн цаг хагасын турш би энэ асуудалд анхаарлаа хандуулж байна” гэж хэлжээ.
Хоёр хоногийн өмнө Африк тивд бичсэн Пригожиний дүрс Вагнерын сувгуудаар цацагдаж байв.
Тэрбээр энэ үеэр Оросын нөлөөг дэлхийн тив бүрд нэмэгдүүлэхийн төлөө, тэр дундаа Африк тивийг чөлөөлөхийн төлөө ажиллаж байгаагаа ярьж байлаа.
Саяхан бас Вагнерын зэвсэгт бослогыг эхнээс нь мэдэж байсан гэгддэг генерал Сергей Суровикин агаарын зэвсэгт хүчний командлагчийн албан тушаалаа алдсан тухай Оросын хэвлэлүүд мэдээлсэн юм.
Нэг үе Украин дахь “цэргийн тусгай ажиллагаа”-ны ерөнхий командлагчаар ажиллаж байсан тэр Вагнерын зэвсэгт бослогын дараа сураггүй алга болоод байгаа.
Онгоцны ослын мэдээ тарж байх үед Путин дэлхийн хоёрдугаар дайны Курскийн тулааны ойн арга хэмжээнд үг хэлж, Украинд дайтаж буй баатруудаа магтаж байв.
Эх сурвалж: Reuters