Монгол улсад тэр тусмаа нийслэл Улаанбаатар хотод өдрөөс өдөрт автомашины тоо өссөөр байгаа билээ. Үүний зэрэгцээ нийслэлийн замын түгжрэл нэмэгдсээр байгаа юм. 2022 оны байдлаар Улсын хэмжээнд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн нийт тоо 1,264,892 байгаа бол нийслэл хотод 712,992 нь байгаа юм. Үүнээс 513,953 нь суудлын автомашин юм.
Импортын машин
Замаасаа илүү гарсан энэ их машины тоо нь мэдээж импортоор орж ирж буй тээврийн хэрэгсэлтэй холбоотой юм.
Тодруулбал, 2022 онд импортоор оруулж ирсэн автомашины нийт тоо 89,063 ширхэг байгаагаас 65612 нь суудлын автомашин, 22369 нь ачааны авто машин байна. Мөн 2021 онд автомашины импорт нийт импортын 11.3 хувийг эзэлж байсан бол 2022 онд 12 хувь болж 0.7 функтээр өссөн байна.
Автомашины импорт ийнхүү өсөж байгаа нь түгжрэлд нөлөөлөх төдийгүй, агаар, орчны бохирдолд ч тодорхой хэмжээгээр нөлөө учруулж байна. Нийслэл хотын өрхөд дунджаар 1.4 автомашин ногдож байгаа бөгөөд иргэдийн амьдралд автомашины эрэлт буурахгүй, цаашид ч өсөх төлөвтэй байна. Учир нь хүн амын өсөлт, насны бүтэц, орон сууцны барилгажилт зэрэг нь автомашины нягтаршлыг улам өдөөхөөр байгаа юм.
Үнэ хямд мөн шатахуун бага иддэг тул "Тоёота" үйлдвэрийн Приус маркийн автомашин монголчуудын гол уналга болдог. 2020-2021 оны байдлаар Монголд 170 мянга гаруй Приус машин бүртгэлтэй байна. 2022 оны байдлаар суудлын автомашины 91.7 орчим хувь нь Япон улсаас импортлогдсон бол ачааны автомашины 47.2 хувь нь Өмнөд Солонгос, 17.9 хувь нь Япон, 29.2 хувь нь Хятадаас импортлогджээ.
Хуучин машин
2022 онд импортлогдсон суудлын автомашины 6.8 хувь нь 0-3 жил, 10.1 хувь нь 4-6 жил, 48.5 хувь нь 7-9 жил, 34.7 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл импортлогджээ.
Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт автомашины 47.9 хувь нь 16 болон түүнээс дээш жил болсон бөгөөд жил ирэх бүр хуучин автомашины импорт улам нэмэгдсээр байна.
Сүүлийн 10 жилийн автомашины хэрэглээг авч үзвэл хуучин машины импорт нэмэгдэж, орчны бохирдлын нэг эх үүсвэр болж байна.