Товч:
-
Он гарсаар 520 мянган хүн гадаадруу ниссэнээс 233 мянга нь буюу бараг 2 хүн тутмын 1 нь Сөүл хотыг зорьжээ.
-
ОХУ-д тавьсан олон улсын хоригоос болж дамжин өнгөрөх нислэг буюу навигацын орлого 3 дахин буураад байна.
-
МИАТ компанид Засгийн газраас 8 тэрбум төгрөгийн нэг удаагийн тусламж өгсөн ба “ашиггүй” үнээр орон нутагруу нисч байна.
Иргэний нисэхийн салбарын 2023 оны эхний хагасын тайлан гарчээ. Тайланд дурдсанаар өнгөрөгч оны мөн үеэс нислэгийн тоо 233% хувиар өсчээ. Хэд байснаа хэд болсныг бөөд мэд, манайхан тайланг ингэж л бичдэг хойно. Ямартай ч 520 мянган хүн гадаадруу 188 мянган хүн дотоодод зорчсон гэдгийг тайлангаас харлаа. Ингээд иргэний нисэхийн салбарын зарим тоо баримт дээр сонирхолтой анализ хийцгээе.
Навигацын орлого
Цар тахлын өмнө Монгол Улс 320 тэрбум төгрөгийн навигацын орлого олдог байв. 2025 онд 1 их наяд төгрөгийн орлого олно гэсэн “хөөрүү” төсөөлөлтэй байсан ёстой талаар болж байна. Арай гэж цар тахлын ард гартал ОХУ Украинруу халдаж ОУ-ын хоригт оров. Монголоор дайран нисэх 1 онгоц тутмаас 600-900 ам.долларын хураамж авдаг байсан бол өдгөө ОХУ-аар дамждаг нислэгүүд бүгд зогсож энэ үзүүлэлт 3 дахин унаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барууны хэвлэлд өгсөн ярилцлагдаа “ОХУ-д тавьсан хориг Монголд хүнд тусч байна” гэж хэлсэн удаатай. “Яаж хүнд туссан юм?” Гээд л сошиалаар тасдаж идэх шахсан. Нэг жишээ гэвэл энийг л хэлж болох л юм.
Гадаад нислэг
Оны эхний хагаст 520 мянган хүн гадаад нисчээ. Үүнээс 233 мянга нь БНСУ-ыг зорьсон нь 2-р бичигдэх Истанбулын чиглэлээс бараг 4 дахин их байна. Амьдралын эрхээр ажил хийх гэж яваа урт богино хугацааны визтэнгүүд Монголын талаас жин дарж байгаа бол газар үзэх гэсэн Солонгос жуулчид бөөн бөөнөөрөө зөрж ирж байна. Манай гол чиглэлийн нэг болох Москвагийн нислэг зогссон. Ингэснээр Истанбул, Франкфурт гэсэн хоёр нислэгээр цааш дамжин өнгөрөх транзит урсгалын шинэ зам бий болжээ.
Дотоод нислэг
Оны эхний хагаст 188 мянган зорчигч орон нутагт ниссэн нь өмнөх оны 34 мянга гэдэг тооноос 6 дахин өссөн үзүүлэлт юм. Гэвч энэ тоо МИАТ компани орон нутгийн нислэгээ эхлэхээс өмнө гарсан гэдгийг дурдах хэрэгтэй. Засгийн газар МИАТ компанид 8 тэрбумын нэг удаагийн татаас өгч орон нутгийн нислэгүүдийг нийгмийн хариуцлагын хүрээнд буюу “ашиггүй” үнээр хийх үүрэг өгсөн. Хувийн авиа компаниуд Ховд уруу 1.6 саяаар хоёр талдаа нисч байсан бол МИАТ компани 700 мянган төгрөгөөр нисэх болсон. Хувийн авиа компаниуд “төр нь хувийн хэвшлээ няц дарлаа” гэж гомдолсон бол Засгийн газар нь авиа компаниудаа “шуналын туламнууд” гээд зарлаад авсан. 45 тэрбум төгрөгийн өртэй, хямралаасаа дөнгөж өнгийж байгаа үндэсний агаарын тээвэрлэгчээ “субботник”-т дайчилсны үр дүн сайн муугаар яригдахыг дүгнэх хугацаа хараахан болоогүй байна.