Товч:
-
Судалгааны дүнгээс МАН-ын рейтингийг хамгийн их чангааж байгаа хүнээр Д.Сумьяабазар тодорчээ.
-
Хотын даргын рейтинг 10% хүрэхгүй байгаа нь түүхэн доод үзүүлэлт гэв.
-
Д.Сумьяабазарыг нийслэлийн МАН-ын даргаас чөлөөлж Х.Нямбаатар, С.Амарсайхан нарын нэгийг томилох тухай яригдаж эхэлжээ.
Улаанбаатар хот маань үертээ живэхийн даваан дээр намартай золгож, утаандаа угаартахын даваан дээр хавартай золгодог болжээ. Нийслэлийн иргэд бороо орох тоолонд л залбирч хонодог боллоо. Харамсалтай нь хотын удирдлага юу ч хийж чадахгүй дэмий л өмнөхөө үгүйсгэж, өөрсдийгөө хохойлсоор өдийг хүрлээ. Уг нь Д.Сумъяабазар хотын дарга болохдоо "Надад зургаахан сар өгчих" гэж амлаж байсан гэтэл 6 биш 60 сар боллоо. Хот бахь байдгаараа.
Үерлээд байгаа томоохон голуудын эрэг дагуух зайлшгүй нураах шаардлагатай барилгуудаа харж суусаар л. Ард түмний дунд "Авилга хороолол" хэмээн алдаршсан “Акуа” хороолол тэдгээр объектуудын нэг нь. Нураах чиглэл өгсөн гэх мэдээлэл эхний хэдэн борооны араас гарч эхэлсэн. Гэсэн хэдий ч барилгын ажил үргэлжилсээр л байна.
Дээрх болон бусад асуудлуудаар хотын удирдлага ажлаа хийж чадахгүй байгаа учир "Хотын дарга ажлаа өг" гэх яриа, постууд цахим орчинд хөвөрсөөр байна. Үер ус, утаа униар, түгжрэл, газар олголтын асуудал гээд асуудал гарах бүрийд МАНай дарга дарга нар өмнөх үеийн дарга нарын алдаа хэмээн улс төрийн тавцангаас хэдийн буучихсан хэдэн нөхөд рүү чихдэг болж. Бурууг бусдаас хайх бус шийдэл ярьдаг, түүнийгээ хэрэгжүүлдэг даргатай байхыг Улаанбаатар хотын иргэд буюу Монгол Улсын хүн амын тал хувь нь хүсэж сууна.
Тэгвэл эрх барьж буй МАН ямар ч байсан Д.Сумъяабазарыг "явуулах" талаар ярилцаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН хэд хэдэн удаа олон нийт, гишүүд дэмжигчдийнхээ дунд судалгаа явуулсан байна. Эл судалгаанд намын нэр нүүр болж буй хүмүүсийн намдаа эзэлж буй байр суурийг тандсан аж. Судалгааны дүнг үзэхэд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн рейтинг төдий л унаагүй. Ерөнхий сайдынх харин ч өссөн дүр зураг гарчээ. Л.Оюун-Эрдэнийн гадаад айлчлалуудын үр дүн эхнээсээ мэдэгдэж, авилгатай хийх тэмцэл нь алга ташмаар үр дүнтэй биш ч жинхнээсээ хичээгээд эрмэлзээд байгаад олон нийт хүлээцтэй хандаж байна гэж судалгаа дүгнэжээ.
Харин 2024 онд МАН-ыг хөөдөх хамгийн том сөрөг оноо нийслэл болоод байгааг судалгаанд дүгнэжээ. Тодруулбал нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын үйл ажиллагаа МАН-ын рейтингийг хамгийн ихээр чангааж байгаа гэв. Хотын даргын рейтинг 10 хүрэхгүй хувьтай гарсан нь урьд өмнө байгаагүй хамгийн муу үзүүлэлт аж. Тиймээс намын Удирдах түвшинд хотын даргад арга хэмжээ авах хүртэл яригдаж эхэлжээ. Сонгууль болоход 1 жил хүрэхгүй хугацаа үлдсэн байхад хотын даргаа солих нь ашиггүй харин түүний оронд нийслэлийн МАН-ын даргын сонгуульт албыг нь салгаж МАН нийслэлд тохирсон шинэ нүүр царай, шинэ бодлогыг дэвшүүлэх шаардлагатай гэж олон хүн санал нэгдэх болсон гэв.
Хотод ямар нэг хэмжээгээр өөрчлөлт хийхгүй бол сонгууль хүндэрнэ гэдэг дээр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй удирдах зөвлөлийн дийлэнх гишүүд санал нэгдэж ирсэн бол намын дарга Л.Оюун-Эрдэнэ “жаахан хугацаа өгөөд харзная” гэсэн байр суурьтай өдий хүрсэн гэв. Товчхондоо өдийг хүртэл түүнийг торгоож байсан гол хүч нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм. Харин сүүлийн үеийн үйл явдал, үер ус, авлига хорооллын зөвшөөрөл зэргээс шалтгаалж цаашид түүнийг хамгаалж хаацайлахгүй гэдгээ илэрхийлсэн гэх яриа тусгаар тогтнолын ордны тамхины цэг дээр яригдаж эхэлжээ.
Харин түүний оронд хэнийг хотын МАН-ын даргаар тавих вэ? гэдэг асуулт МАН-ын толгойны өвчин болоод эхэлсэн сурагтай. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, экс хотын дарга, Шадар сайд С.Амарсайхан нарын аль нэгэнд нийслэлийн намыг атгуулах талаар яриа яваад эхэлсэн гэх. Гэвч хотын иргэдийн хүлээлтэд нийцэх, шинэ залуу, эрч хүчтэй, нэр цэвэр, хотын имижтэй хүн байх ёстой гэдэг шалгуурт дээрх эрхмүүдийг тэнцэхгүй гэж үзэх хандлага ч байгаа аж. Д.Сумъяабазартайгаа "same shit" томилгоо хийж болохгүй гэдэг дээр МАН-ынхан толгой нь өвдөж эхэлсэн гэв.
Товчхондоо 100 жилийн түүхтэй, боловсон хүчний арвин нөөцтэй гэж өөрсдийгөө дөвийлгөдөг МАН-ынханд хотын иргэдийн хүлээлтэнд нийцэх “урбан лидер” үнэхээр байхгүй болсон байна.