Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсын зэвсгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг шалгах үеэрээ пуужин, сумны үйлдвэрлэх хэмжээг эрс өсгөх даалгавар өгчээ.
Баасан, Бямба гарагуудад тэр тактикийн пуужин, хөдөлгөөнт харвагч, хуягт тэрэг, их бууны сумны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай дараалан танилцах үеэрээ ийм даалгавар өгснийг Солонгосын Төв Мэдээний Агентлаг өнөөдөр мэдээлсэн байна.
2019 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай хийсэн уулзалт хэлэлцээ нь амжилтгүй болсны дараа Ким Жон Ун улсынхаа цөмийн болон пуужингийн зэвсэглэлийн тоо хэмжээг эрчимтэй нэмэгдүүлж байгаа.
Тэр үеэс хойш Умард Солонгос нийтдээ 100 гаруй удаа пуужингийн туршилт зохион байгуулсны нэлээд нь АНУ, Өмнөд Солонгосын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд анхааруулга өгөх зорилготой байв.
Удахгүй АНУ, Өмнөд Солонгос улс жил тутмын цэргийн хамтарсан сургуулилалтаа эхлэх гэж байгаа. Үүнийг Умард Солонгосыг эзлэх бэлтгэл гэж Пёньяны дэглэм үздэг юм.
Мөн саяхан ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тус улсад анх удаа айлчлахдаа Украины дайнд ашиглах зэвсэг, сум хэрэгсэл авах талаар ярилцсан гэх мэдээлэл бий.
АНУ-ын засаг захиргаа өмнө нь ОХУ-д зэвсэг нийлүүлсэн гэж Умард Солонгосыг буруутгаж байв.
Пёньяны эрх баригчид үүнийг эрс няцаадаг ч Украинд явуулж буй Оросын дайныг ил тод дэмжсээр ирсэн юм.