Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 41 секунд

Холливудын ажил хаялт 

Холливудын ажил хаялт 

Энэ оны гуравдугаар сард 11 мянга гаруй гишүүнтэй Writers Guild of America (WGA) буюу АНУ-ын Зохиолчдын эвлэл нь 350 гаруй контент үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн Alliance of Motion Picture and Television Producers (AMPTP) буюу Америкийн Кино, телевизийн продюсеруудын холбоотой шинэ гэрээ хийхийг хүсжээ.

Тэдний хүссэн шинэ гэрээнд:

"Netflix", "Apple TV+", "Hulu", "Disney+", "Prime video" зэрэг стрийминг үйлчилгээ үзүүлэгч компаниудаас ирэх орлогын хувийг зохиолч болон уран бүтээлчидтэй шударгаар хувааж, орлогыг нэмэгдүүлэх.

Кино компаниуд уран бүтээлчдийг хөлсөлж ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээнд "бүтэн цагийн ажилтан" байхаар зааж, долоо хоногт ажиллах цагийн хэмжээг зүй зохистой тодорхойлох.

Мөн хиймэл оюун ухааны оролцоог хязгаарлах зэрэг хүчин зүйлсийг оруулж өгчээ.

Энэхүү гэрээг Америкийн Кино, телевизийн продюсеруудын холбоо зөвшөөрөөгүй бөгөөд өнгөрсөн тавдугаар сарын хоёрны өдөр Америкийн Зохиолчдын эвлэл 2007 оноос хойш анх удаа ажил хаялт эхлүүлсэн юм.

Кино, телевизийн продюсеруудын холбоо стрийминг үйлчилгээнээс зохиолчдод жилд 86 сая ам.долларын орлого хуваах боломжтой гэх тооцоог хийсэн байна. Гэвч АНУ-ын Зохиолчдын эвлэл стрийминг үйлчилгээ үзүүлэгч компаниудаас уран бүтээлчдэд ирэх нийт орлогын хэмжээ жилд 429 сая ам.доллароос багагүй байх шаардлага тавьж байгаа юм.

Өнгөрсөн сарын дундуур 160 мянга гаруй гишүүнтэй Screen Actors Guild- American Federation of Television and Radio Artists (SAG-AFTRA) буюу АНУ-ын Дэлгэцийн жүжигчид болон Телевиз, радиогийн уран бүтээлчдийн холбоо нь Зохиолчдын эвлэлийн эхлүүлсэн ажил хаялтад нэгдэж, Холливудын алдартай жүжигчид ажил хаялтыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, бусад уран бүтээлчидтэй хамт гэдгээ харуулах зорилгоор кино, дэлгэцийн бүтээлийн зураг авалт, нээлтийн ажиллагаа, маркетинг, зах сурталчилгаанд оролцохоос татгалзаж эхэлсэн юм.

Тухайлбал, жүжигчин Дрю Бэрримор ажил хаялтыг дэмжиж байгаагаа илэрхийлэн 2023 оны "MTV Movie & TV Awards" арга хэмжээг хөтлөхөөс татгалзсан юм.

Мөн "Oppenheimer" киноны гол дүрийн жүжигчид болох Киллиан Мерфи, Эмили Блант, Мэтт Дэймон, Роберт Дауни Жуниор болон Флоренс Пью нар киноныхоо нээлтийн үзвэрт оролцохоос татгалзжээ. Энэ мэтчилэн жүжигчид өөрт ирсэн ажлын саналаас татгалзаж, жагсаалд нэгдэн оролцож тэмцлийг үргэлжлүүлсээр байгаа билээ.

Америкийн Зохиолчдын эвлэл, Дэлгэцийн жүжигчид болон Телевиз, радиогийн уран бүтээлчдийн холбооны энэ том ажил хаялтаас үүдэн 75 дахь удаагийн “Эмми” шагнал гардуулах ёслолыг хойшлуулах шийдвэр гарсан юм. "Fox" компаниас “Эмми” наадмыг ирэх есдүгээр сарын 18-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч ирэх 2024 оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулсан.

Энүүгээр зогсохгүй ажил хаялтаас шалтгаалж олон телевизийн цуврал шоу болон бүрэн хэмжээний кинонуудын нээлтийн тов хойшлогдсон билээ.

“Наймдугаар сарын хараал“
“Наймдугаар сарын хараал“
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.