1991-2009 оны хооронд ОХУ-д "Наймдугаар сарын хараал" нэртэй эмгэнэлт явдлууд жил бүрийн наймдугаар сард тохиолддог байжээ. Тухайлбал, 1991 оны наймдугаар сард Орос Улсад төрийн эргэлт болж улс орон эмх замбараагүй байдалд хүрч байв. 1992 оны наймдугаар сард Aeroflot Flight 2808 онгоц осолдож, нисгэгчид болон зорчигчид нийлсэн 84 хүн бүгд амь насаа алдсан байдаг. 1994 оны тухайн сард Башкортостан дахь Тирлянское усан сан үерт автан 29 хүн амь насаа алдаж, 800 орчим хүн орон гэргүй болжээ. Энэхүү явдлаас ердөө дөрөв хоногийн дараа Белгород мужид галт тэрэг осолдож, 20 хүн нас барж байсан аж.
Үргэлжлүүлэн, 1996 оны наймдугаар сард Vnukovo Airlines Flight 2801 онгоц Норвегид осолдон онгоцонд зорчиж явсан 141 бүгд амиа алдсан байна. Үүний араас Оросын санхүүгийн хямрал 1998 оны наймдугаар сарын 17-нд эхэлсэн бөгөөд үүний үр дүнд Оросын засгийн газар, Оросын Төв банк рублийн ханшийг бууруулж, гадаад өрөө төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж эхэлсэн хүндхэн цаг үе байжээ.
2000 оны наймдугаар сарын 12-нд Баренцын тэнгист цөмийн хөдөлгүүртэй Project 949A Antey шумбагч К-141 Курск далайд живжээ. Оросын тэнгисийн цэргийн алба хаагчид томоохон сургуулилтад оролцох үеэр энэхүү золгүй явдал болсон бөгөөд онгоцонд байсан 118 хүн бүгд амь үрэгджээ. 2002 оны наймдугаар сард Чеченьд цэргийн нисдэг тэрэг осолдон мөн 127 хүн нас барсан байдаг.
Харин 2003 оны наймдугаар сард тэсрэх бодис ачсан ачааны машинтай этгээд Хойд Осетийн цэргийн эмнэлэг рүү дайрч орон дэлбэрч, 44 хүний амийг авч оджээ. 2004 оны наймдугаар сарын 24-нд Москва хотын Домодедово олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн орон нутгийн зорчигч тээврийн хоёр онгоцонд тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас тус хоёр онгоцонд байсан 90 хүн бүгд амь үрэгджээ. 2006 онд мөн л онгоцны ослоор 170 хүн амь үрэгдсэн байна.
2009 оны наймдугаар сарын 17-нд Назранд террористууд бөмбөг дэлбэлэн 25 хүн амь үрэгдэн, 75 хүн хүндээр шархаджээ. Яг энэ өдөр Саяногорск хотын ойролцоох Саяно-Шушенская далан дахь усан цахилгаан станцын турбин сүйрлийн улмаас 75 хүн амиа алдсан байна.
Оросууд наймдугаар сарын хараалын талаар ярихыг цээрлэдэг гэхэд хэлсдэхгүй. Энэ олон онгоцны осол, эдийн засгийн хямрал, террорист халдлагууд жил дараалан зөвхөн наймдугаар сард тохиолдож байсан нь хачирхалтай. 2009 оноос хойш "хараал арилсан" гэж хүмүүс ярьдаг ч эрх баригчид энэ бүхнийг тохиолдол төдий зүйл хэмээн ач холбогдол өгдөггүй байсаар иржээ. Харин энэ жил наймдугаар сарын хараал эргэн ирэх магадлал өндөр байгааг барууны хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.
Кремлийн дайнд ялалт байгуулсан Украины дайралтыг Оросууд зогсоож чадахгүй хэвээр. Хар тэнгист энэ сард Оросын цэргийн болон худалдааны флотууд Украины тэнгисийн цэргийн дроны довтолгоонд өртсөн нь цэрэг армийн төдийгүй эдийн засгийн хувьд томоохон хохирол амсахад хүргэв.
Наймдугаар сар гарснаас хойш Украины дронууд өдөр бүр цэргийн байгууламж, худалдаа үйлдвэр, орон сууцны барилгууд руу чиглэсэн дайралтуудаа үргэлжлүүлсэн байна.
ОХУ-ын төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр наймдугаар сард улс даяар цэрэг татлага зохион байгуулж буй байршлуудад урьд өмнө байгаагүй халдлагууд болж байгаа аж. Украины арми жижиг боловч тасралтгүй үргэлжлэх довтолгоогоор Оросуудыг "залхаан цээрлүүлэх" тактик ашиглаж байж болох. Харин үүний эсрэг Оросууд томоохон довтолгоо хийж чадах эсэх нь эргэлзээтэй хэвээр. Ямартай ч 2023 наймдугаар сар талдаа ч ороогүй байхад 1991-2009 оны хооронд болсон эмгэнэлт явдлуудаас дутахааргүй гарз хохирол учирч байгаа нь "хараал"-ын талаар эргэн санахад хүргэсэн нь энэ аж.