Ийм нэг бичлэг байдаг даа. Өө нэмээд бурж гарнаа “хог хаяад байгаа хүмүүсийг 50 саяар торгоё” ч гэх шиг. “Авилга” гэж ард түмнээс, “Акуа” гэж өөрсдөө нэрлэсэн хороолол төмөр замын хязгаарлалттай бүсэд, голын ай сав дээр түмний нүдэн дээр, төрийн зөвшөөрлөөр сүндэрлээд дуусч байна.
Гайтай зуны их уснаар “азаартаагүй” л бол захилга, борлуулалтаа бараг дуусгачих байсан гэж компанийнхан нь хээвнэг ярих. “Манай барилга руу ус орсонгүй, сууриа дагаад урсаад явлаа” гэж бичлэгээ сошиалд тавьж харагдсан. Урсгал ус уртдаа ямар ч байгууламжийн суурийг иддэг, нурах эрсдэлтэй гэдгийг ойлгоход нарийн ухаан, инженерийн мэдлэг шаардах л байх. Боогдсон ус нь хажуу уулзвар, паркын хашааруу хальсаныг ойлгоход дунд ангийн боловсрол байхад хангалттай баймаар юм.
Дабль, трибл байтугай далан долоон хуулийг зөрчиж улсын төв авилгын хөшөө мэт хотын төвд, голын голд сүндэрлэх эл барилгын газрыг анх 2007 онд Хан-Уул дүүргийн ИТХ-ын 138-р тогтоолоор олгожээ. Тухайн үед дүүргийн засаг дарга нь Д.Загджав байсан. Улмаар 2008 онд газар ашиглах гэрчилгээг тухайн үеийн нийслэлийн засаг дарга Т.Билэгт баталгаажуулж өгчээ.
Төрийн ордны зүүн талд байдаг одоогийн Галлерей төвийн газрыг Т.Билэгт нь Н.Энхбаярын дүүд “үнэгүй шахуу” хувьчлаад өгснийхөө төлөө шүүхээс ял сонссон. Хожмоо уг газрыг Э.Бат-Үүл дуудлага худалдаанд оруулахад 26 тэрбумаар үнэлэгдэж зарагдсан түүхтэй.
Дараа нь энэ газрын зориулалтыг Э.Бат-Үүл 2013 онд ногоон байгууламж болгосныг 2018 онд Су.Батболд “үйлчилгээ, усан парк” нэрээр өөрчилжээ. Нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан 2020 оны 09-р сард газрын зөвшөөрлийг цуцалсан бол нийслэлийн анхан шатны шүүх Ж.Батбаясгалангийн цуцалсан шийдвэрийг төдөлгүй хүчингүй болгоод хаяж.
Шүүх шийдвэртээ “уг барилга байгаль орчны тухай хууль, барилгын хуулийг зөрчиж байна. Гэхдээ нийслэл энэ агуулгаар гомдлоо гаргаагүй” гэж онцолсон юм билээ. Өөрөөр хэлбэл “гомдлоо сайн бичээд давж заалдаач ээ” л гэсэн санаа. Гэтэл С.Амарсайхан хотын дарга байх үед давж заалдаагүй. Зөөврийн усан оргилуураа бариад завгүй байсан уу яасан бөөд мэд. Эс үйлдэл гэдэг нь уг нь гэм буруу мөн ч манайд бол нэрнээс цаашгүй л дээ.
За ингэж манарч явсаар 2022 оны А\17 тоот Д.Сумьяабазарын захирамжаар “авилга хороолол” баригдах зам нь үндсэндээ засагдаж, БХБЯ төвөгшлийн зөвшөөрлийг нь олгож, хотын Ерөнхий архитектур Н.Нацагдоржийн баталсан төлөвлөлтийн даалгавраар “авлигийн гэрэлт цамхаг” сүндэрлэж эхэлжээ.
Болсон үйл явдал маш тодорхой ч “би хамаагүй, шүүх буруутай, барилгын яам зөвшөөрөл өгсөн” гэж хотын дарга маань “мэлзсээр”. Мэлзэх гэснээс “Мэлзээ” гэж нэвтрүүлэг нээрээ хэн хийгээд байлаа?
За ийм нэг хороолол улс бүх тэргүүний авилгачдын оролцоотойгоор сүндэрлээд дууслаа. Дуусдагийн даваан дээр гэнэт болохгүй юм барьсныг байгаль дэлхий батлаад өглөө. Одоо буулгах тухай яриа гараад бараг далан долоо хоножээ. Чиглэл өглөө л гэнэ, судалж байна л гэнэ, түтгэлзүүллээ л гэнэ. Эрх мэдэл далайлгах болохоороо би мэднэ, шийднэ гэдэг хэрнээ асуудал үүсэхээр манайд хамаагүй гээд эзэн олдоггүй нь Монголын төрийн тогтсон нүүр царай л даа. Одоо буулгах нураах шийдвэрийг гаргасан хүн нь дараа нь элдэв төлбөрт унаж мэдэх учраас бие биерүүргээ чихэж бултаад байгаа хэрэг л дээ. Төрийн нэрийн өмнөөс зөвшөөрөл олгосон болохоор төр нөхөн төлбөр төлж таарах гээд байгаа юм.
Тийм учраас авилга хорооллыг нураахгүй гэдэг дээр бооцоо тавьбал алдахгүй шүү. Эргэн тойронд нь хэдэн худаг ухсан болоод үерийн хуримтлал хийчихлээ гээд цаашаа шудраад явах байх. Хаашдаа нураахгүй барилгыг харж, хошхирч байхаар олон түмэн нэг зүйлийг хэдүүлээ шаардая. Усанд идэгдэж уртдаа нурах магадлалтай энэ хотхонд Хотын удирдлагуудыг оруулья. Хотын дарга нь өөрөө “ямар ч асуудалгүй” гээ биз дээ.