УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллан, иргэдтэй уулзаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг танилцуулан, санал бодлоо солилцож буй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тойргийнхоо иргэдтэй уулзах үеэр дээрх асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Миний хувьд УИХ-ын гишүүдийн тоо 152 гэдэг нь арай сэрүүднэ. 108-аас хэтрүүлж болохгүй гэсэн хувийн байр суурьтай байна.
Манай орны хувьд өргөн уудам газар нутагтай, хүн ам тархай суурьшдаг учраас газар нутгийн төлөөлөл парламентдаа илүү жин дарж байх ёстой. Өөрөөр хэлбэл, хувь тэнцүүлдэг тогтолцоо нь үргэлж шууд сонгодог можаритар хувиасаа бага байх ёстой. Ард түмнээсээ шууд сонгогдоогүй нь олонх болчихвол ард түмнээсээ салсан төлөөллийн байгууллагатай болчихно. Алдаа гаргавал ард түмэндээ “алуулдаг” парламенттай байх ёстой.
Тиймээс 108 гишүүнтэй болъё гэж тооцоход 76 гишүүнээ шууд ард түмэн сонгоод үлдсэн 32 гишүүнийг хувь тэнцүүлж сонгох хэрэгтэй" гэв.