БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улсын 5100 орчим чингэлэг 90-120 хоног гацаад байгааг "Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо" холбоо онцолжээ.
Ковидын үед БНХАУ-аас Монгол Улс руу нэвтрэх ачаа эргэлт ихээр гацаж байсан байсан бол Тяньжин боомтод өнгөрөгч хавраас чингэлэг төвлөрөл ихээр үүсэх болсон юм.
Энэ талаар "Монложистик Ворлдвайд" компанийн Гүйцэтгэх захирал И.Цогбаяр "Чингэлгийн хүлээгдэх хугацаа уртассанаар тээврийн зардал өсөж байгаа. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, улмаар инфляцын өсөлтийг өдөөх боломжтой. Энэ нөхцөл байдал богино хугацаандаа шийдэгдэхгүй, он дуустал үргэлжлэх төлөвтэй” гэсэн тодруулга өгчээ.
Тоон мэдээллээс харахад, 2024.08.01-19-ний өдхрүүдийн хооронд Тяньжин боомтоос Эрээн, Замын-Үүд чиглэлд нийт 26 галт тэрэг гарсан байна. Чингэлгүүд Тяньжинд хүргэгдсэнээс хойш дунджаар 90-120 хоногийн дараа Монгол руу ачигдаж байгааг түргвэчлэх тал дээр холбогдох албаныхан ажиллаж байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа аж.
Боомтод төвлөрөөд буй импортын ачааны 50 хувийг Япон, БНСУ-аас оруулж ирж буй автомашинууд эзэлж байгаа юм. Дотоодын нөхцөл байдлын тухайд хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан, импортын барааны эрэлт харьцангууй өндөр байгаа онцлог үе юм.