Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж авто замын ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээ буюу автобусны тоог энэ сарын 26-наас эхлэн нэмэгдүүлнэ. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 126 чиглэлд 1078 автобус үйлчилгээнд явж байна. Энэхүү ажлын хүрээнд ажлын 5 өдөр 113, амралтын 2 өдөр 68 автобус нэмэлтээр явуулахаар болжээ.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд энэ онд 600 автобусны татан авалт хийсэн. Эдгээр автобус бэлэн мөнгө хийх зориулалтын хайрцагтай бөгөөд өмнө үйлчилгээнд явж байсан автобуснуудад шинээр бэлэн мөнгөний хайрцаг хийж байгаа юм. Энэ нь нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд бэлэн мөнгөөр үйлчлүүлэхэд амар, хялбар болгох зорилготой хэдий ч иргэд тал мөнгөн дэвсгэрт, дутуу мөнгө хийх зэрэг асуудлууд гарч байгаа учраас нийтийн тээврийн хяналт шалгалтын байцаагч нар болон камераар хянан зөрчил үүссэн тохиолдолд хуулийн арга хэмжээ авах аж.