Дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд гэгддэг Финландын Засгийн газрын тэргүүн Санна Марин нөхрөөсөө салах өргөдөл гаргаснаа лхагва гарагт Инстаграмаараа дамжуулан зарлажээ. Нөхөр Маркус Райкконентэй 2020 онд хуримаа хийсэн бөгөөд тэд 2018 онд төрсөн таван настай охинтой юм байна.
Санна Марин Инстаграмдаа “Бид хоёул салах өргөдлөө гаргалаа. 19 жилийн хамтын амьдралдаа сэтгэл хангалуун байна” хэмээн бичжээ. Мөн “Бид хоёр сайн найзууд байгаа. Охиндоо хайртай эцэг эх нь байж, гэр бүлийн харилцаагаа хадгалж үлдэх болно” гэсэн байна.
Санна Марины нам өнгөрсөн дөрөвдүгээр сард сонгуульд ялагдсан. Тэрээр шинэ засгийн газар бүрэлдэх хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Санна Марин нь гэр бүлээсээ их сургуульд сурсан анхны хүн нь бөгөөд 20 насандаа улс төрд орсноос хойш Социал Демократ нам дахь улс төрийн карьер нь хурдацтай өссөн байна. Тэрээр 2019 онд 34 насандаа дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд болж байв.