УИХ-ын чуулганы хуралдаанаар Н.Алтанхуяг гишүүн үг хэллээ. Тэрээр "Өчигдөр сонгуулийн тойргоо томсгоод баталчихлаа. Бүс нутгаа бодож байна уу, ялахаа бодсон уу. Сонгуулиа шударга явуулмаар байна. Та нарын мөнгө томсгосон тойрог дээр нийлвэл дийлдэхгүй. Тиймээс 200 хүн хүртэлх нэг ухуулагч ажиллуулдаг байдлыг хасаад өгөөч. Маш их мөнгө гардаг. 200 хүртэлх сонгогчид нэг ухуулагч цалинжуулахаар сая ам.доллар болдог. Үүнийг хасаад өгөөч. Мөнгөтэй хүний эсрэг мөнгөгүй хүн үзнэ гэдэг тэнцвэргүй тулаан.
Бас сурталчилгааны материал хэвлүүлэхээс эхлээд хязгаарлалт тавимаар байна. Сумын төвд нэг самбар тавихад л хангалттай. Сонгуулиар зардал гаргаад сонгогдоод хусдаг л систем яваад байна.
Төгсгөлд нь хэлэхэд Монголын нийгэмд үг хэлдэг хүмүүсийг хавчиж, шоронжуулж, дээрэлхэхээ болимоор байна. 1990 онд би үг хэлэх эрх чөлөөний төлөө үхэн үхтлээ тэмцэнэ гэж гарч ирсэн. Д.Мөнх-Эрдэнийг гаргаач. Магадлангийн хугацаа нь дуусчихсан юм билээ. Дуусахаас нь өмнө зөрчил гаргасан болгоод үргэлжлүүлэн хориод байдаг. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг сулла. Та нар 65-уулаа байгаа шүү дээ. Шударга юм хэлсэн хүнийг шоронд хийхээ боль. Хүн байвал хэрэг нь олдоно гэдэг. Би ийм нийгмийн төлөө яваагүй" гэлээ.