Тусламжийн сум хэрэгслийн нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор байлдааны ажиллагааныхаа цар хүрээг багасгаж эхэлснийг Украины армийн командлагч өчигдөр мэдэгджээ. Яг одоо олон тэрбумын тусламжийн асуудал АНУ болон Европын Холбооны дотоод улс төрийн зөрчил маргааны улмаас саатаад байгаа юм.
Украины арми их бууны сумаар, ялангуяа Зөвлөлтийн үеийн зэвсгүүдийн сумаар гачигдаж эхэлснийг генерал Олександр Тарнавский өчигдөр Ройтерс агентлагт ярьжээ. “Бидний хэрэгцээнд одоо байгаа нөөц маань хангалтгүй. Тиймээс бид нөөцөө дахин хуваарилах арга хэмжээ авч байгаа. Бид өмнө тавьсан зорилтуудаа дахин төлөвлөж, хүрээг нь багасгаж байна. Зарим хэсэгт бид хамгаалалтад шилжиж, зарим хэсэгт довтолгоогоо үргэлжлүүлж байна. Дараагийн том хэмжээний ажиллагаанд хүчээ нөөцөлж байгаа. Бидний зорилго хэвээр. Гагцхүү үйл ажиллагаа, тактик өөрчлөгдсөн” гэж тэр ярьсан юм.
АНУ-ын засаг захиргаа $60 тэрбумын зэр зэвсгийн тусламжийг батлуулахаар Конгресст өргөн барьсныг Бүгд Найрамдах намын төлөөлөгчид дэмжихгүй байгаа. Европын Холбоо 50 тэрбум еврогийн санхүүгийн тусламжийг Украинд үзүүлэх асуудлаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр санал хураахад Унгар улс ганцаараа хориг тавьсан юм. Европын Холбооны эрх баригчид ирэх оны гуравдугаар сараас өмнө нэг сая их бууны сум Украинд нийлүүлэх амлалт авсан ч одоогийн байдлаар 480,000 орчмыг л илгээжээ.
Ерөнхийдөө Украины арми Өрнөдийн түншүүдийнхээ үйлдвэрлэх хурднаас илүү өндөр хурдаар сум хэрэглэж байгаа. Эстони улсын батлан хамгаалах яам саяхан гаргасан тайландаа Украинд сар бүр хамгийн багадаа 200,000 их бууны сум хэрэгтэйг мэдээлж байв.
Нэгэнт гаднын тусламж саатах болсон тул өөрийн дотоод үйлдвэрлэлээ эрчимжүүлэхээр ажиллаж буйг Украины батлан хамгаалахын дэд сайд Иван Хаврилюк саяхан ярьсан юм. Тухайлбал их бууны сумны дутагдлыг нөхөх зорилгоор камиказе дроны үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн, Зөвлөлтийн үеийн зэр зэвсгүүдэд шаардлагатай бүх төрлийн сумны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж буйг тэр ярьжээ.
Үүнээс гадна Өрнөдийн компаниудтай хамтран Украины нутаг дэвсгэрт зэвсгийн үйлдвэрлэл явуулахаар ярилцаж байгаа юм байна.Саяхан Украины ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-д айлчлах үеэр энэ талаар тус улсын компаниудтай ярилцаж, эхний хамтын ажиллагааны гэрээнүүдийг байгуулсныг Хаврилюк мэдээлжээ. Хүний нөөцийн хувьд ОХУ-тай өрсөлдөх боломжгүй тул технологи, зэр зэвсгээр илүүрхэх зорилготой байгааг тэр ярьсан байна.
Эх сурвалж: BBC