Хянан шалгах түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь сонсгол Төрийн ордонд эхний өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр сонсголд гэрчээр оролцож буй УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн шинжээчийн дүгнэлтэд тайлбар хийлээ.
Тэрбээр "Намайг 2020 онд УИХ-д нэр дэвшиж байх үеэс л С зөвшөөрөл гэж харлуулж ирсэн. Нондин жилээс эхэлж нүүрсний хэрэгтэй хутгаж байна. Би УИХ-ын гишүүн болохоос өмнө бизнес эрхлэгч байсан. Бизнес эрхлэгчдийг ухаж төнхвөл зээлийн асуудал л гарч ирдэг. Би зээлийн гэрээ хийснээрээ өнөөдөр нүүрсний хэрэг хийсэн болоод энд асуугдаад сууж байна.
Миний хувьд анх жолооч бэлтгэдэг жолооны курс ажиллуулдаг байсан. 400 гаруй жолооч бэлдсэний дараа тухайн жолоочдоо ажлын байранд оруулахын тулд тээврийн компани байгуулсан. Бид А цэгээс Б цэгт ачааг хүргэдэг тээврийн компани. Тээврийн компани ийм л ажил хийдэг. МАН тухайн үед ч бүх шатанд засаглаж байсан. Та нарын гаргасан шийдвэрийн дагуу л бид ажиллаж ирсэн. Яагаад сөрөг хүчний хэдэн гишүүдээ л улс төрийн зорилгоор энд шалгаагаад байгаа юм бэ.
Та нар хулгайчаа буруу газраас хайгаад байна. Жолооч нар хулгай хийх ямар ч боломжгүй. Маш их оочер дарааллын дунд халуунд халж, хүйтэнд хөрж байж тэр нүүрсийг зөөдөг. Энэ хулгайн асуудал бол төрийн асуудал. Хувийн компанийн хийж чадах ажил биш." хэмээв.