Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
2 минут 14 секунд

Австралийн засгийн газар цагаачдын тоог хоёр дахин бууруулж, англи хэлний шалгалтын босгыг өндөрсгөнө

Австралийн засгийн газар цагаачдын тоог хоёр дахин бууруулж, англи хэлний шалгалтын босгыг өндөрсгөнө

Австралийн засгийн газар өмнөх эрх баригчдын цагаачлалын алдаатай бодлогыг засварлах ажлын хүрээнд ирэх хоёр жилийн хугацаанд гадаадаас авах цагаачдын тоог хоёр дахин бууруулахаа өчигдөр мэдэгджээ. Тухайлбал 2025 оны долдугаар сар гэхэд жилд авдаг цагаачдын тоогоо 250,000 болгон бууруулж, цар тахлын өмнөх үеийн түвшинд хүргэхээр болсон байна. Төлөвлөгөөний дагуу бас гадаад оюутнууд, мэргэжилгүй ажилчдад тавих шаардлагыг чангатгахаар болжээ.

Сүүлийн жилүүдэд Австрали улсад ирэх гадаадын цагаачдын тоо түүхэн дээд хэмжээндээ хүрсэн нь орон сууц, дэд бүтцийн багтаамж хүрэлцээг бууруулж, нийгмийн олон асуудал үүсгээд байгаа юм. Нөгөө талаар мэргэжлийн ур чадвартай ажиллах хүчний эрэлт хэрэгцээ тус улсад өндөр байгаа.

Өчигдөр буюу Даваа гарагт Австралийн засгийн газар ирэх 10 жилд хэрэгжүүлэх цагаачлалын шинэ бодлогоо сэтгүүлчдэд танилцуулжээ. Өмнөх засгийн газрын үед эвдэгдсэн цагаачлалын бодлогоо засаж залруулах шаардлагын хүрээнд шинэ төлөвлөгөө боловсруулснаа тус улсын дотоод хэргийн сайд Клэйр Онэйл энэ үеэр хэлсэн байна.

2023 оны дунд үе хүртэлх сүүлийн нэг жилийн хугацаанд Австралид 510,000 хүн цагаачилсан нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Энэ хэмжээг хоёр жилийн дотор хоёр дахин бууруулахаар болсон байна. Ингэхийн тулд гадаад оюутнуудын англи хэлний мэдлэгийн доод босгыг өндөрсгөх, хоёр дахь удаагаа виз авах шаардлагыг чангатгах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Одоо Австралид 650,000 орчим гадаад оюутан суралцдагийн ихэнх нь хоёр дахь удаагийн визээр оршин суудаг юм байна. Мөн мэргэжилгүй цагаач ажилчдын тоог бууруулж, нарийн мэргэжил, ур чадвар өндөртэй цагаач ажилчдын тоог нэмэгдүүлж, тэдний амьдрах нөхцөлийг сайжруулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: BBC

Н.Ганибал: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт нэн яаралтай хариуцлага тооцох ёстой
Н.Ганибал: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт нэн яаралтай хариуцлага тооцох ёстой
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.