Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятадаар ярьж байгаа мэт бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан нь олныг шуугиулаад амжсан. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдэгдэл хийж "Хиймэл оюун ухааны тусламжтайгаар энэхүү бичлэг хийсэн этгээдүүдийг олсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан нь мөнхийн хөрш хоёр орны ард түмний харилцаанд зориуд сэв суулгахуйц ноцтой үйлдэл болсонд туйлаас харамсаж байна. Хуурамч бичлэг хийн, нийтэд цацсан этгээдүүдэд хатуу хариуцлага тооцно" хэмээн мэдэгдсэн билээ.
Ерөнхийлөгчийн дүрс, хоолойг хиймэл оюун ухаан ашиглан хятадаар ярьж буй мэт бичлэгийг орчуулан үзэхэд хэн нэгнийг магтан сайшаасан агуулга бүхий өгүүлбэрүүд байгаа юм. Тус бичлэгт:
"您的评委和风度无疑为周围的人带了一份独特的魅力用于面对生活中的挑战,展现了您的果断和坚定希望您在未来的继续发光发热成就更多美好的事业和人生 先生您的存在让世界变得更加精彩"
Буюу:
"Таны шүүлт, зан байдал нь эргэн тойрныхоо хүмүүст амьдралын сорилт бэрхшээлийг даван туулах өвөрмөц сэтгэл татам байдлыг авчрах нь дамжиггүй. Энэ нь таны шийдэмгий, тууштай байдгийг харуулж байна. Таныг цаашдаа улам гялалзаж, илүү олон сайхан ажил мэргэжил, амьдралд хүрэх болно гэдэгт итгэж байна. Ноён Тэ эр гүн (хүний нэр) таны оршихуй дэлхийг илүү гайхамшигтай болгож байна" гэжээ.
Хиймэл оюун ухааны хөгжил дээд цэгтээ тулж буй өнөө үед таны зураг, дүрс бичлэг, дуу хоолой аль нэгэн байдлаар цахим орчинд байршиж л байгаа бол яг л та ярьж буй мэтээр хуурамч бичлэг хийх, цаашлаад хэлээгүй зүйлийг хэлсэн болгох, түүгээрээ хэн нэгнийг барьцаалах, гүтгэх зэргээр аюул занал учруулах хэмжээнд хүрсэн.
Дэлхийн улсын орнуудын ерөнхийлөгчид, алдартнуудын дүрс бичлэг, дуу хоолойг хиймэл оюун ухаан ашиглан яг тухайн хүн ярьж буй мэт бичлэгүүд хэрхэн бүтэж, олон нийтийг эргэлзүүлж буй жишээнүүдийг хүргэж байна.