Ням гарагт /2023.11.19/ Сибирийн хэд хэдэн бүсэд хүчтэй шуурга болсны улмаас гурван хүн нас барж, 225 мянган хүн тоггүй болсон байна.ТАСС агентлаг мэдээлснээр Новокузнецк хотод мод унасны улмаас хоёр хүн машин дотроо дарагдаж нас баржээ.
Тус хотын дарга Сергей Кузнецов хүчтэй салхины улмаас цахилгаан шугам, барилга байгууламжид гэмтэл үүссэн тул онц байдал зарласан байна. Мөн Новокузнецк хотын сургууль, цэцэрлэгүүд хичээллэхгүй гэдгийг Кузнецов мэдэгдсэн юм.
Хүчтэй салхины улмаас Кемерово, Красноярск, Новосибириск, Омск мужууд болон Алтайн хязгаар, Алтайн Бүгд Найрамдах улсад дэд бүтцийн гэмтэл үүссэн байна. “Rosseti” энергийн компани мэдээлснээр Сибирийн 294 суурин газарт 225 мянган хүн тоггүй болжээ.
Сибириэс гадна Крымын хойгт хүртэл хүчтэй шуурсан байна. Ням гарагийн өглөө Крымт 50,000, Москвад 32,900 хүн цахилгаангүй болсон гэж ОХУ-ын Эрчим хүчний яам мэдээлсэн юм.