УИХ-ын чуулганаар 2024 оны төсвийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлээр тэтгэвэр тогтоох хугацааг сүүлийн долоон жилийн дунджаар бус таван жил болгож зөв болгосон. Энэ хуулийн дагуу 2018-2023 оны хооронд долоон жилийн дунджаар тэтгэврээ бодуулсан хүмүүс тэтгэврээ дахин таван жилээр бодуулж зөв болгох ёстой. Энэ хооронд Монгол төрийн буруу бодлогоос болж тэр хүмүүс хохирч болохгүй.
Нийт 58000 ахмадын 93 тэрбум төгрөг буюу нэг хүнд ойролцоогоор 1.6 сая төгрөгийн нөхөн олговрыг олгох тооцооллыг НДЕГ-ын албан тушаалтнууд гаргасан. Энэ мөнгийг ирэх жилийн төсөвт суулгаж, ахмадуудын гомдлыг тайлах хэрэгтэй. Хөшөө дурсгалд мөнгө зарцуулахын оронд амьд бурхад болсон ахмадууддаа зориулж 93 тэрбум төгрөгийг төсөвт заавал суулгах ёстой гэж шаардаж байна.
Хэрэв төсөвт тусгахгүй бол орон даяар 58000 иргэний гарын үсэг цуглуулах ажлыг хийнэ. Болохгүй бол 2024 оны сонгуульд Ардчилсан нам ялахаараа ахмадуудаа гомдолгүй болгож өгнө" гэв.