Он гарсаар Монголбанк алт, мөнгө худалдан авахад 2.189 их наяд төгрөг зарцуулснаас есдүгээр сард хамгийн өндөр дүнтэй худалдан авалт хийжээ. Эхний арван сарын байдлаар 14.2 тонн үнэт металл худалдан авчээ. Үүнээс 10.4 тонныг аж ахуйн нэгжүүд, 3.78 тонныг иргэд тушаасан байна. Зөвхөн аравдугаар сард худалдан авсан үнэт металлын хэмжээ 0.86 тонн байсан бөгөөд үүнийг оруулан тооцсоноор оны эхнээс 14.2 тонн үнэт металл худалдан авсан байна.
Тайлант хугацаанд худалдан авсан үнэт металлыг сүүлийн дөрвөн жилийн мөн үетэй харьцуулахад хамгийн бага хэмжээнд тооцогдож байна. Оны эцэс гэхэд Төв банк 20-22 орчим тонн, ирэх онд ойролцоо хэмжээний үнэт металл худалдан авах төсөөлөлтэй байгаа аж.
Өнгөрсөн сард олон улсын зах зээлийн ханшаар тооцсон алт худалдан авах дундаж ханш 211511 төгрөг байжээ. Аравдугаар сард олон улсын зах зээлд алтны спот ханш ес орчим хувиар өссөн бол мөнгөний ханш 8.24 хувиар өсжээ. Дэлхийн алтны зөвлөлөөс гаргасан төсөөллөөс харахад Төв банкуудын 24 хувь нь энэ онд алтны нөөцөө дунджаар арван хувиар нэмэгдүүлэх стратегитай байна. Энэхүү төсөөлөл нь 2019 он буюу цар тахлын үеийн өмнөх түвшнээс гурав дахин илүү байх зорилт юм.