24 цагийн хугацаанд Оросын арми 100 гаруй хот сууринд агаараас довтолсон нь нэг өдрийн дотор явуулсан энэ оны хамгийн том ийм ажиллагаа болсныг Украины эрх баригчид Лхагва гарагт мэдээллээ.
“Сүүлийн 24 цагийн дотор дайснууд манай 10 мужийн 118 хот сууринд агаараас довтоллоо. Энэ он гарснаас хойш нэг зэрэг ийм олон суурин газар цохилтод өртөж байсангүй” гэж Украины дотоод хэргийн сайд Игорь Клименко сошиал хуудсандаа бичжээ.
Уг цохилтод Украины төв бүсийн Кременчук хотын газрын тосны үйлдвэр өртсөн байна. Үүний улмаас хүний амь эрстээгүй ч үйлдвэрт гарсан түймрийг унтраахад бараг 100 орчим гал сөнөөгч хэдэн цагийн турш ажилласан тухай Клименко мэдээлжээ.
Өвлийн улирал ойртож байгаатай холбоотойгоор Оросын тал Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилтоо чиглүүлж эхэлсэн байна.
Өнгөрсөн оны өвлийн өмнө мөн ингэж байсан юм.
Энэ удаагийн цохилтын үеэр зүүн хойд бүсийн Харьков болон өмнөд бүсийн Херсон мужид тус бүр нэг хүн алагджээ.
Үүнээс гадна Оросын дроны халдлагын үеэр өмнөд бүсийн Никополь хотод 59 настай эмэгтэй алагдаж, дөрвөн хүн шархадсан тухай орон нутгийн албаныхан мэдээлсэн байна.
Мөн Запорожье мужид пуужингийн цохилтын улмаас 52 настай эрэгтэй алагджээ.
Украинд дайн эхлүүлснээсээ хойш Оросын эрх баригчид зэр зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн хажуугаар гадаад улсуудаас импортоо нэмэгдүүлэхийг хичээж байгаа.
Умард Солонгосын дэглэм нэг сая гаруй их бууны сумыг Оросын талд нийлүүлсэн гэх тагнуулын мэдээллийг өчигдөр Өмнөд Солонгосын хууль тогтоогч парламентын чуулганд танилцуулсан байна.