УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хууль зөрчиж байгаа асуудлаар огцруулах акцыг МАН дотроос санаачилжээ. Намын гишүүд тал талын байр суурийг илэрхийлж байгаа ч дийлэнх тал нь огцруулах тал дээр санал нэгтэй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Энэ талаар өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр нэг тойргоос сонгодсон УИХ-ын гишүүн Д.Ганбат хүртэл ил цагаанаар "Танайхан дотроос таныг огцруулах гээд яриад байна. Би бол таныг огцруулчихмааргүй байна" хэмээн хэлсэн билээ.
Д.Ганбат гишүүний аль дэмийрэхийг тэр гэх вэ гэж бодож болох ч Г.Занданшатар даргыг албан тушаалаас нь огцруулах асуудал бодитоор яригдаж эхэлсэн байна. Учир юу вэ гэвэл 100 мянган иргэн гарын үсэг зурвал НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх санал асуулгыг парламентийн цахим сайтад байршуулсан.
Энэ нь Үндсэн хуулийн 3.1 "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гэсэн заалт болон 26.1 "Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно" хэмээх хоёр заалтыг зөрчиж байгаа юм.
Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно гэдэг нь сонгуулийг хэлж байгаа бол төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан гэдэг нь УИХ-ын гишүүдийг хэлж буй. Тэгэхээр УИХ-ын даргын дээрх үйлдэл нь Үндсэн хуульд тусгагдсан УИХ-ын хууль санаачлах эрхэнд халдаж байна гэж үзэж байгаа юм. Ард иргэдээс 100 мянган санал аваад л хууль хэлэлцээд байх юм бол Улсын Их хурал гэж байхын хэрэг байна уу гэх шүүмжлэлийг гишүүдийн зүгээс хэлж байна.
Аль ч нийгэмд сайн шийдвэр гаргасан иргэдийн 30 хувь нь эсэргүүцдэг хэмээх хэлц бий. Нийгэмд байгаа төрөл бүрийн итгэл үнэмшил, үзэл бодолтой хүмүүс 100 мянга байтугай хэдэн зуун мянгаараа нэгдэх боломжтой. Сошиал дээрх хуурамч мэдээнүүдэд 200-300 мянгаараа риакшн дардаг хүмүүс шүү дээ бид чинь. Бидэн шиг цаг хугацаа, нөхцөл байдлаас хамаарч байнга өөрчлөгдөж байдаг нийгмийн сэтгэлзүйтэй ард түмнээр түрий барин энэ мэт сонгуулийн пи-ар маягийн хуулийн төслийг санаачлан, дэмжлэг авах нь цаашлаад хууль тогтоох засаглалын тэнцвэрийг алдагдуулах аюултай хэмээн гишүүд эсэргүүцэж байгаа юм.
Г.Занданшатарыг УИХ-ын даргаас огцруулах асуудал гэнэт гараад ирсэн үү гэвэл үгүй. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг Ерөнхий сайдаар томилж, Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын дарга болгох асуудал эртнээс яригдсаар ирсэн. Энэхүү яриаг бодит болгохын тулд 100 мянган хүний саналаар хууль хэлэлцэх Г.Занданшатарын санаачилгыг өгөөш болгох магадлалтай байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын дотоод улс төр нэлээд ороо бусгаа болсон байна. Ирэх онд болох сонгуулийг хэн хяналтандаа авч явах нь Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хэмээх дөрвөн өндөр албан тушаалтнуудын дунд толхилцоон үүссэн хэмээж буй. Энэ толхилцоон дунд Г.Занданшатар даргын НӨАТ-ын 5 хувийн санаачилга гал дээр тос нэмсэн явдал болсон нь энэ аж.