Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэсэн Хүүхэд хамгааллын хуулийн талаар танилцууллаа.
Тэрээр “Манай улсад 1.2 сая хүүхэд байна. Өөрөөр хэлбэл нийт хүн амын 36.2 хувийг хүүхэд эзэлж байгаа юм. Харин нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай айл өрхөд амьдардаг хүүхэд нийт хүүхдийн 36 орчим хувийг эзэлдэг.
- Хүнсний эрхийн бичигт хамрагддаг 76000
- Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 14000 орчим хүүхэд байна.
Түүнчлэн 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хуультай болж, бас хүүхэд хамгаалах бүтэцтэй болсон. Энэ хууль шинэчлэн батлагдаад асуудал өргөс авсан юм шиг шийдэгдэхэд амаргүй юм. Нэгдүгээрт гэр орны нөхцөл байдлын урьдчилсан үнэлгээ хийдэг. Хоёрдугаарт хүүхэд хамгааллын үйлчилгээ зайлшгүй шаардлагатай, осол аваарт орсон, бие махбодын хүчирхийлэлд өртсөн, сэтгэл санааны дарамтад орсон хүүхдүүдтэй тулж ажиллах үйлчилгээг төрөөс зайлшгүй үзүүлдэг байна.
Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн:
- 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд, эцэг эх, асран хамгаалагч, хамтран амьдрагчдын зүгээс үйлдэгддэг.
- 23 орчим хувь нь боловсролын байгууллагуудад заримдаа багш сурган хүмүүжүүлэгчид, үе тэнгийнхээс нь үйлдэгдэж байгаа гэмт хэрэг байдаг.
- 6.9 хувь нь бусад орчноос үйлдэгддэг.
Түүнчлэн "Хүүхэд хамгааллын хуультай холбогдуулан хүүхэд бүр төрсний гэрчилгээ олгохтой зэрэгцээд хамгааллын цахим системтэй болно. Ингэхдээ,
- Боловсролын нийгмийн ажилтан
- Хорооны нийгмийн ажилтан
- Эрүүл мэндийн нийгмийн ажилтан
- Цагдаагийн байгууллагын ажилтан
- Гэр бүл, хүүхэд хөгжлийн байгууллага ханддаг болно.
Өөрөөр хэлбэл хүүхдийн гэр оронд нь зөрчлийн хэрэг давтагдвал үүсвэл анхааралдаа авч дээрх ажилтнууд давхар шалгалтууд хийгддэг тогтолцоо үүсэж байна гэсэн үг. Жишээлбэл хөдөө орон нутагт нэг хүүхэд хүчирхийлэлд өртөөд Улаанбаатар хотод ирэхээр нь мэддэггүй. Дээрээс нь удаа дараалан сургуулийг сольчихдог. Гэх мэтээр бүртгэлгүй хүүхэд эрсдэлд өртөх магадлал өндөр байдаг. Сум болгон хүүхдийн асуудал хариуцсан тусгайлсан мэргэжилтэнтэй болно.Суманд малын чиглэлээр таван хүн ажиллаж байгаа мөртлөө хүүхдэд чиглэсэн нэг ч хүн байхгүй байна гэж өмнө нь ч хэлж байсан" гэлээ.