Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 53 секунд

Д.Сумьяабазарыг огцруулах МАН-ын операци ба айдас

Д.Сумьяабазарыг огцруулах МАН-ын операци ба айдас

- Л.Оюун-Эрдэнэд Д.Сумьяабазарыг өмгөөлөх зай үлдсэнгүй

- Х.Нямбаатарт хотын намын хороог өгөх эсвэл С.Амарсайхныг хотын сайдаар томилж хотын даргыг түүний мэдэлд өгөх хувилбар эртнээс яригдсан

- Улсынх нь нэр хүнд яригдаад эхэлсэн тул БНСУ-ын прокурор энэ хэрэгт анхаарч эхэлжээ

“Ногоон автобусны” дуулиан олон нийтийн бухимдлыг төрүүлэхтэй зэрэгцээд МАН, АН-ын гал тогоонд элдэв юм буцлаад эхэлжээ. Хүрээний явдлыг дэлгэвэл далай гэдэг шиг ногоон автобусны но-г ярьвал дуусашгүй. Тиймээс автобусны явдлыг түр хойш тавьж, энд тэндхийн тамхины цэг дээрх яриаг тоймлон хүргэе.

Хотын дарга манай тал болсон нь

“Цаг алдахгүй хурдан авах үүднээс нууцад оруулж тендер зарлахгүй авсан. Хөрөнгө мөнгө хэмнэсэн гэж хотын дарга мэдэгдээд удаагүй байтал ногоон автобусны но хаа сайгүй дэлгэгдээд эхэллээ. “Ийм их дүнтэй худалдан авалтыг шууд гэрээгээр авлаа..., автобус үндэсний аюулгүй байдал хоёр яг яаж холбогдоод байна? яахаараа яахаараа... гэх асуултууд ар араасаа бөмбөгдөж байтал 30 жилийн өмнөх арлын дугаар 2023 оны автобусанд мэндэлснээр олон нийтийн дунд жинхэнэ бүүм болоод өглөө. Гэтэл мань хотын дарга болон удирдлагууд гүрэлзсээр л. “Шив шинэ автобус мэдэв үү! АН-ынхан, ХҮН-ынхан аятайхан байгаарай” гэж дээрээ азаргалаж “таван фаартай, 5D, арлын дугаарыг 30 жил тутамд нэг ашигладаг гэж” доороо эргүүтэв. Ард түмэндээ бодитоор харуулна гэж сүхбаатарын талбай дээр хэдийг тавиад МАН-ын хөгшчүүл, цүнх баригчдаа зохион байгуулалттай магтуулах гэж оролдов. Хороо, үүр бүрээс төдөн хүн авчирч сошиал дээрээ ийм юм бич гэж зааварласан суртал ухуулга нь групп чатаасаа алдагдаж талбайгаар нэг хөгөө чирлээ. МАН-ынхны мангар технологид ард түмэн хууртахаа байж. Захын хэдэн ченж ирээд хэдэн төхөөрөмжөөр хэмжээд хамаг юмыг нь яриад өглөө. Товчхондоо суртал ухуулгын дайнд хот ялагдав. Гэтэл гэнэт “Энэ чинь шинэ автобус, 5D гайхамшигтай” гээд өмөөрөөд үхчих гээд байсан хотынхон манай тал болоод явчихлаа. Ер нь муу тагнуулынхан ийм зөвлөмж өгсөн, муу тэнүүн огоо ийм автобус аваад ирж, аваад зайлцгаа, шалгуулна гээд ард түмэнтэйгээ нэг тал болж орхив. Ингэхэд хэн манайхан хэн дайсны тал гэдгээ мэдэхээ байлаа. Ямартай ч Тэнүүн огоочуул хотынхны өмнөөс тахилын ямаа болох нь тодорхой.

МАН-ын айдас ба мээрийг огцруулах операци

Уг нь МАН ёс суртахуун гэгчийг жигтэйхэн сахиулаад л “ул” гэж хэлсэн сайдаа газар дээр нь хусаад сүрхий байсансан. Гэтэл тэнэглэлээрээ тэрнээс хэд нугалсан хотын асуудал дээр бөлдөг залгисан мэт чимээгүй байна. 50 гарсан цэвэршилтийн насны авгайд дор нь хүчээ харуулсан атлаа, бөхийн аварга, К1 тулааны тамирчинаа яаж ч чаддаггүй. Эрх баригчдын чихийг халууцсан энэ өдрүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө орон нутгаар, харин Генсек Д.Амарбаясгалан ХБНГУ-д ажиллаж байлаа. Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн сүүлээр МАН-ын удирдлагууд тал талаас хүрэлцэн ирсэн бөгөөд хотын асуудал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш их бухимджээ. Хотын даргыг сольё гэдэг гадаад, дотоод сонирхлыг өдий болтол тас цохиж, цээжээрээ хамгаалж ирсэн хүн бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө мөн. Хотын намын хороог Д.Сумьяабазараас салгаж Х.Нямбаатар өгөх, эсвэл С.Амарсайханыг хот хариуцсан сайдаар томилж, хотын даргыг түүний хүрээллээс тодруулах зэрэг “Сумыг сугалах” ил далд ажиллгааг таслан зогсоож бүр “авилга хороолол хууль зөрчөөгүй ээ” гэж түмний өмнө өөрийг нь хулхидаж шившиглэхэд хүртэл Д.Сумьяабазарт нийгүүслээ үзүүлсээр байгаа хүн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Гэтэл цаашлах тусам зам нь улам нарийсан, намаг балчиг нь дийлдэхээ болиод байна. Тэгвэл Д.Сумьяабазарыг огцруулах асуудал энэ өдрүүдэд шийдэгдэнэ гэж тусгаар тогтнолын ордны тамхины цэг дээрээс мэдээлж байна. Харин түүнийг огцруулахтай зэрэгцээд хэд хэдэн зовлон байгаа ажээ. Нэгдүгээрт МАН-ынхан хотын дарга Д.Сумьяабазарыг огцруулах асуудлыг хөндтөл нийслэл дэх АН-ын бүлэг нь үүнийг дэмждэггүй гэнэ. Нүүрэн дээрээ хотын дарга огцор гэж дүр эсгэн орилох боловч тойрог тус бүр дээрээ шийдүүлсэн хөрөнгө оруулалт, эрх ашгийн хэлхээ холбоо нь түүнийг өдий болтол торгоосоор байгаа аж. Нээрээ л АН-ынхан дүр эсгэсэн сулхан эсэргүүцэл үзүүлэхээс далайцтай улс төрийн акц, жагсаал цуглаан хийхгүй байгаа. Үүнийгээ “Д.Сумьяабазарыг огцруулах нь АН-д ашиггүй. Сонгууль хүртэл оноо алдаад нэр хүндгүй болоод орвол бидэнд ашигтай” гэж дотооддоо тайлбарладаг гэв. Хоёрдугаарт тендергүй худалдан авалттай холбоотой бусад том гэрээнүүд хөврөөд яригдах вий гэдгээс МАН-ынхан айж байгаа гэв. Учир нь ковид-19 цар тахлаас хойш тендергүй худалдан авалтууд хавтгайрсан бөгөөд энэ бүгд МАН-ын томчуудтай холбогдоно. Тавантолгой-Зүүнбаян төмөр зам, хийн хоолойн гэрээ, нүүрсний оптейк гэрээ, ковидын үеийн худалдан авалтууд, өмнийн говийн хэд хэдэн төмөр зам, авто замын концесс, гашуун сухайтын төмөр замын холболтын цэг гэх мэт хэдэн их наядаар яригдах томоохон гэрээнүүд дандаа нууцын тамгатай зурагдчихсан байгаа.

Хоёр улсын хуулийн байгууллага хамтран шалгах болжээ

Сүүлийн үеийн мэдээллээр АТГ, ЦЕГ хамтарсан ажлын хэсэг гаргаж “Тэнүүн Огоо” ХХК-ний нийлүүлсэн автобусны хэргийг шалгахаар болсон гэв. Үндэсний аюулгүй байдлын нэр барьсан шууд худалдан авалтын гэрээ гэдэг үндсэндээ аюултай, хулгай, луйвраа нууж далдлах завшаан байдгийн жишээ үүгээр тогтохгүй. Ер нь худалдан авалтыг хуулийг мөрддөгүй байдал МАН-ын үед газар авч үүнийгээ “хугацаа алдахгүй үүднээс, тендер зарлахаар бөөн” хэрүүл болдог гэж ичиж зовох юмгүй мэдэгддэг боллоо. Уг нь хэрэлдэх гэж, харьцуулах гэж худалдан авалтын хуультай болсон биш бил үү. Ажил хариуцсан хүмүүс нь тендерийн материалаа алдаагүй хийж, сонгон шалгаруулалтаа шударга явуулбал тендерт маргаад удаад байх зүйл уг нь үгүй. Гэтэл хотын удирдлага, боловсон хүчин нь ажлаа дутуу дулимаг, бульхай, будлианаа цэгцлэхийн оронд харин ч бүр дордуулж шууд худалдан авалт хийхээр улаарайн, зөвлөмж өгөөч гэдэг хүсэлтийг тагнуулын байгууллага руу бөөн бөөнөөр нь шидэлдэг болсон гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар нийслэлээс тендерийн хуульгүй худалдан авсан гэрээ нь зөвхөн автобусаар хязгаарлагдахгүй, олон зуун тэрбумын хэдэн арван гэрээ байгаа гэнэ. Харин тэр хүртэл гүнзгий гараа дүрэх үү? Гэдэг нь улс төрийн өөр үр дагавартай, өөр асуудал билээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр ногоон автобусны асуудал нь БНСУ-ын нэр хүндэд ч хамаатай тул тус улсын хуулийн байгууллага ч анхаарлаа хандуулж эхэлсэн гэв. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Манай хоёр улс хууль эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй бөгөөд энэ хэргийг хуулийн байгууллагууд хамтарч шалгахаар болсон байна.

3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг А хэсэгт тэргүүлж байна
3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг А хэсэгт тэргүүлж байна
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.